Жанет Малколм

Жанет Малколм нь 1934 онд Прагад төрсөн бөгөөд 1939 онд гэр бүл нь нацистуудын дарлалаас зугтан Нью-Йоркод суурьшсан еврей гаралтай, америк зохиолч юм. Оюутан ахуйгаасаа л сургуулийнхаа эрхлэн гаргадаг сонин сэтгүүлд нийтлэл бичдэг байсан тэрээр 1963 оноос эхлэн Нью-Йоркэр хэмээх долоо хоног тутмын сэтгүүлд ажиллах болсон аж. Улмаар 1978 оноос тус сэтгүүлд гэр бүлийн сэтгэл зүйн сэдвээр сурвалжилга бэлдэж эхэлжээ. Тэр цаг үеэс л бичиглэлийн хэв маяг нь төгөлдөржин, өөрийн гэсэн өнгө төрхийг олж, “Психоанализ: Боломжгүй мэргэжил” (1981) (Psychoanalysis: The Impossible profession), “Фройдын архивт” (1984) (In the Freud Archives), “Сэтгүүлч ба алуурчин” (1990) (The Journalist and the Murderer) зэрэг номоо хэвлүүлсэн юм. Эдгээр бүтээлдээ психоанализийн арга техник, сүүлийн үеийн чиг хандлагыг дурдаж, зарим шинжээчийн онолыг шүүмжилсэн утга агуулгыг шингээсэн нь түүний эцэг, сэтгэл зүйч Йосеф Винерийн нөлөөлөл гэж таамагладаг.