Эрдэнэбат Цэрэнжавын

1989 онд Монгол Улсын Их Сургуулийн химийн ангийг төгсөж, 2004 онд Химийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. МУИС-ийн Химийн Факультетийн дэргэдэх Шинэ Материалын Хими-Технологийн Төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан бөгөөд 2008 онд АПАМ-ын гишүүнээр сонгогдсон. Эдүгээ тус төвд эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэрээр цементийн клинкер үүсэлтийн процесс, цементийн нэмэлт эрдэсжүүлэгчдийн болон цементийн маркийг нэмэгдүүлэгч, талстжилтын идэвхит төв буюу талстжуулагч компонент болох «Крент»-ийн талаар судалгааны ажил явуулж байна. Талстжилтын идэвхит төв буюу талстжуулагч компонентыг синтезлэн, үйлдвэрлэлд нэвтрүүлснээр цементийн үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, чанарыг сайжруулж, гарцыг нэмэгдүүлэх боломжтойг тогтоосон судалгаагаараа 2004 онд БСШУЯ-наас жил бүр зохион явуулдаг шилдэг бүтээлийн уралдааны тусгай байрын шагналыг хүртэж, улмаар шинэ бүтээлийн патент 2-ыг авсан. Тэрээр судалгааны ажлуудаараа 70 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвин дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн эмхэтгэл болон тогтмол хэвлэлүүдэд нийтлүүлжээ.