Түгжсүрэн Н

Дундговь аймгийн Луус (одоогийн Хулд) сумын нутагт төрсөн. МУИС-ийн Физик Математикийн Факультетийн физикийн ангид суралцан Агаар мандлын физикийн ухаанаар мэргэжил эзэмшээд (1971) сургуульдаа багшаар үлдэн ажиллаж, улмаар БНБАУ-д Физик-математикийн ухааны доктор (Рh.D)-ын зэрэг хамгаалсан бөгөөд 1989 онд доцент, 1997 онд профессор цол хүртжээ. Профессор Н.Түгжсүрэн 1971 оноос өнөөг хүртэл их, дээд сургуульд тасралтгүй багшилж ирсний зэрэгцээ 2003-2004 онд Япон Улсын Чибагийн Их Сургуулийн Агаар мандлын физикийн салбарт зочин профессороор уригдан ажиллажээ. Тэрээр хамтарсан болоод дангаар их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан сурах бичиг, гарын авлага, танин мэдэхүйн ном 60 гаруйг туурвисан болоод хянан нягталж, эрдэм шинжилгээнийхээ ажлын үр дүнгээр 200 гаруй өгүүлэл дангаараа болоод хамтран бичиж гадаад, дотоодын эрдмийн төрөлжсөн бүтээлүүдэд хэвлүүлсний гадна физик, одон орны ухааны ололт амжилт, шинэ нээлт бүтээлийн талаар олон түмэнд сурталчилсан танин мэдэхүйн өгүүлэл 300 гаруйг бичиж 'Шинжлэх ухаан, амьдрал', 'Шинжлэх ухаан танин мэдэхүй', 'Шинжлэх ухаан, технологи', 'Залуу үе', 'Ухуулагч' зэрэг сэтгүүл, төвийн олон сонинд нийтлүүлжээ. Түүний дангаар болон хамтран бичсэн 'Уудам орчлон, ухаант амьдрал', 'Орчлонгийн тогтоц', 'Уудам орчлонд нутаг үзэхүй', 'Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь- III', 'Альберт Эйнштейн', 'Танин мэдэхүйн нэвтэрхий толь', 'Астроном' нэвтэрхий толь, 'Шинжлэх ухааны нээлт' зэрэг номууд өргөн олны хүртээл болоод байна. Профессор Н.Түгжсүрэн Монголын Инженерийн Ухааны Үндэсний Академийн гишүүн, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Эрдмийн зөвлөл, докторын зэрэг хамгаалуулах хорооны гишүүн, Монголын физикийн нийгэмлэг, Улсын физикийн олимпиадын хорооны гишүүн, Физикийн багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд Монголчуудын намтрын товчоон (Who's who in Mongolia) номд бичигдсэн эрдэмтэн багш юм.