Хорхе Луис Борхес

1899 онд Аргентины Буэнос-Айрес хотноо төрж, 1986 онд Швейцарын Женев хотноо таалал төгссөн Хорхе Луис Борхес бол өгүүллэг, эсээ төрлөөрөө XX зууны хамгийн нэр нөлөөтэй зохиолчдын нэг. Борхесыг Латин-Америкийн шидэт реализмын үндэс суурийг тавьсан хүн ч гэж үзэх нь бий. Тэрээр постструктуралист философичдод хүчтэй нөлөө үзүүлжээ. Түүнчлэн өөрсдийгөө шидэт реализм урсгалын төлөөлөгч гэж үзэх нь бүү хэл, энэ урсгалаас аль болох зайгаа барихыг хичээдэг Роберто Боланьо гэх мэт Латин-Америкийн хожуу үеийн зохиолчид ч Борхесоос олонтоо эшлэхээс гадна түүнээс санаа авсан гэдгээ нуудаггүй билээ.