Стиг Ларсон

Стиг Ларсон 1954 оны 8-р сарын 15-нд Скэллэфтхамд төржээ. Аав нь ажлаа орхисны дараа тэдний гэр бүл Стокхольмруу нүүсэн хэдий ч хотын давчуу амьдралд дасаагүй тэд нэг настай хүүгээ өвөө эмээгээр нь өсгүүлэхээр явуулав. Ийнхүү Стиг Ларсон бага насаа хөдөө тосгонд эмээ өвөөгийнхөө гар дээр өнгөрүүлсэн ба түүний анхны зохиол болох 'Луун шивээст охин' романд тэрхүү бөглүү газар дүрслэгдэн үлдсэн билээ. Ларсон өвөө эмээтэйгээ амьдардаг байсан хөдөөгийн жижигхэн модон байшиндаа их дуртай байсан гэдэг. Тэр тосгоны сургуульд явж, Хойд Шведийн цастай өвөл сургуульдаа ирж очихдоо цанаар гулгаж явдаг байж. Өвөө нь зүрхний шигдээсээр өнгөрсний дараа аав ээжийнхээ амьдарч байсан хот руу нүүсэн ч хотын амьдрал дуртай байсангүй. 12 насны төрсөн өдөрт нь аав ээж нь түүнд бичгийн машин бэлэглэв. Түүний анх бичдэг зүйлс нь гэмт хэрэг байсангүй, харин шинжлэх ухааны зохиолууд бичих гэж оролддог байсан байна. 1971 оноос эхэлж тэр Шведийн Шинжлэх ухааны зохиолын идэвхитэн болжээ. Ларсон 15 настай байхдаа түүний гурван найз нь нэгэн охиныг бүлэглэн хүчирхийлэхийг өөрийн нүдээр харжээ. Тэр цагаас хойш Ларсон эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдлыг үл тэвчин, үзэн яддаг байсан тухай хамтран амьдрагч байсан Эва Габриэлсон өөрийн бичсэн номондоо өгүүлээд, Ларсоныг 'Жинхэнэ Феминист' гэж дүрсэлжээ. Ларсон тухайн үед тэр охинд тусалж чадаагүй гэж өөрийгөө ямагт буруутгаж явсан бөгөөд энэ нь түүний зохиол бүтээлд илэрхий тусгагдсан юм. Стокхольм хот руу нүүсэн 1977 оноос хойш тэрээр Скандинавын Шинжлэх Ухааны уран зохиолын Нийгэмлэгт идэвхтэн болж, 1978-79 онуудад гишүүн, 1980 онд ерөнхийлөгч нь болжээ. Өөрийн анхны сэтгүүлдээ 1972-74 онуудад цөөн тооны богино өгүүлэл бичиж нийтэлдэг байв. Гэрэл зурагчнаар ажиллаж байх үедээ тэр зүүний үзэлтнүүдийн үйл ажиллагаанд татагдан оржээ. Түүгээр барахгүй Коммунист Ажилчдын Холбооны (Одоогийн Социалист Нам) гишүүн болж, Марксист онолын 'Fjоrde Internationalen' сэтгүүлд материал хянаж, бас долоо хоног тутмын 'Internationalen' сэтгүүлд тогтмол бичдэг байлаа. 1977-1999 он хүртэл тэр Шведийн TT мэдээллийн агентлагт график дизайнераар ажиллаж байв. Сэтгүүл зүйд олж авсан мэдлэг туршлагын нэгэн адил Ларсоны улс төрийн үзэл баримлал нь түүнд олон янзын зүйлийг судлахад нөлөөлжээ. Өдөр тутмын ажлаасаа гадна тэр бие даан Швед дэх хэт барууны жигүүрийг судалдаг байлаа. 1991 онд судалгааны үр дүн болох 'Extreme Right' нэртэй номоо гаргажээ. Ларсон Шведийн хэт барууны үзэлтнүүд болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч байгууллагуудыг баримтжуулан ил гаргадаг нэгэн боллоо. Өөрт нь заналхийлэгч этгээдүүдийн хараа хяналтыг үл тоон, нөлөө бүхий мэтгэлцэгч, илтгэгч байсан юм. Шведийн Демократ Нам түүний судалгааны гол сэдэв байжээ. Ларсон 2004 оны 11 сарын 9-нд 50 насандаа зүрхний шигдээсээр насан эцэслэжээ. Түүний хамгийн алдартай зохиол болох гэмт хэргийн цуврал зохиолуудаас бүрдсэн 'Меллиниум'ийн 3 цуврал нь түүнийг нас барсны дараа хэвлэгдсэн юм. Зохиолын эхний хэсэг болох 'Луун шивээст охин' нь 2005 онд анх Швед хэлээр Mоn som hatar kүinnor (Эмэгтэйчүүдийг үзэн яддаг эрчүүд) нэрээр хэвлэгдэв. Үүний дараа 2008 оны 2 сард Их Британид англи хэлээр хэвлэгджээ. Хоёрдох зохиол болох 'Галаар наадсан охин' 2009 оны 1 сард, гуравдахь цуврал буюу 'Зөгийн үүр бусниулсан охин' нь 2009 оны 10 сард Их Британид, 2010 оны 5 сард АНУ-д тус тус хэвлэгдсэн ба 2013 оны 12-р сарын байдлаар түүний цувралууд дэлхий даяар 80 сая гаруй хувь борлогдсон байна. Дөрөвдэх зохиолын эхний гурван хэсгийг компьютерт бичсэн байсан бөгөөд одоо түүнийг нь хэвлэлтэд бэлдэж байгаа юм байна. Мөн тав, зургаадугаар цувралын хураангуй товчлолыг багтаан 10 ном болгохоор зорьж байсныг нь олж мэджээ. 2013 оны 12 сарын 17-нд цувралын дөрөвдэх хэсгийг бичүүлэхээр зохиолч David Lagercrantz-тай гэрээ байгуулснаа Шведийн тал зарласан бөгөөд ном нь 2015 оны 8 сард бэлэн болно гэжээ.