Рэнд Айн

Орос гаралтай Америкийн зохиолч, философич, кино зохиолч Айн Рэнд буюу Алиса Зиновьевна Розенбаум 1905 оны 2-р сарын 2-нд гурван охинтой айлын ууган охин болон мэндэлж, бага насаа Петербургт өнгөрүүлжээ. Айн Рэндийн өөрийнх нь дурсамжид өгүүлснээр тэрээр 8 настай байхдаа кино зохиол бичиж эхлэн, 10 настайдаа роман бичиж байсан аж. 1917 оны хувьсгал гарах үед тэрээр 12 настай байсан бөгөөд Октябрийн хувьсгалын нөлөө болоод Лениний удирдлаган доор ажиллаж байсан Большевик намын дарамтаар аавынх нь бизнес дампуурч, амар тайван амьдарч байсан тэдний гэр бүлийн амьдрал сүйрэхэд хүрчээ. Крымд ахлах сургууль төгсөх үедээ Айн Рэнд 16 настай байсан ба тухайн үед Петроград нэртэй болоод байсан Петрбургтээ эргэн ирсний дараа тэдний амьдрал улам дордож, өлбөрч үхэх дөхөж байсан гэдэг. Хувьсгалын дараагаар эмэгтэйчүүд их сургуульд элсэх боломжтой болсны ачаар Рэнд Петроградын Их Сургуулийн анхны эмэгтэй оюутнуудын нэг болж, 16 настайдаа тус сургуулийн нийгмийн ухааны тэнхимд түүхийн чиглэлээр суралцаж эхэлжээ. Их сургуульд суралцаж байхдаа тэрээр Аристотель, Платон, Ницщегийн философитой танилцаж, тэднийг бишрэн судлах болсон ба франц, герман, орос хэл мэддэг байсан учир Фёдор Достоевский, Виктор Хюго, Эдмонд Ростанд, Фридрих Шиллер нарын зохиол бүтээлийг амтархан уншиж байв. Айн Рэнд сургуулиа төгссөнийхөө дараа Ленинград хотод Дэлгэцийн урлагийн техникумд нэг жил суралцсан ба бие даалтын ажлынхаа хүрээнд Польш-Америкийн эрлийз жүжигчин Пола Негригийн тухай эсээ бичсэн нь түүний анхны бүтээл болсон ажээ. Чухам энэ үеэс л тэрээр Рэнд хэмээх уран бүтээлийн нэртэй болсон юм. 1926 онд АНУ руу шилжин суурьшиж, 1931 онд тус улсын иргэн болжээ. Айн Рэндийн анхны роман болох 'Бид амьд хүмүүс' 1936 онд хэвлэгдсэн бөгөөд ихээхэн амжилтанд хүрч, 3 сая гаруй хувь борлогджээ. Үүний дараа бичигдсэн 'Сүлд дуулал', 'Эх сурвалж', 'Атлантын нуруу тэнийв', 'Капитализмыг өмөөрөх нь', 'Хувиа хичээхийн ач тус' зэрэг бүтээлүүд нь зохиолчийн нэрийг дэлхийн утга зохиолын түүхэнд мөнхлөн үлдээсэн агаад түүний зохиолууд либератари үзэл, хувь хүнийг дээдлэх индивидуализм үзлийг агуулдгаараа ихээхэн алдаршсан билээ.