Баярсайхан Бидэрийн

Архангай аймгийн Батцэнгэл суманд 16 дугаар жарны усан хулгана жил төрсөн. Батцэнгэл сумаас зүүн хойш, алдарт Чингэлтэй нурууны урдуур, Овооны хөлөөс эх авсан тунгалаг уст Улаанчулуутын голын хөвөө, Цогзол хайрханы өвөр нь зохиолчийн унасан газар, угаасан ус билээ. Хурга тугалын бэлчээр, хүлэг морины нуруу, хөх суунагт талдаа өсч, аргалын утаат бор гэртээ хүн болж хүсэл мөрөөдлийн жигүүр дэлгэсэн нь түүний уран бүтээлд гүн нөлөөлөл үзүүлсэн юм. 1980 оны сүүлээр ахуйн дүрслэлтэй анхны шүлгүүдээ бичиж, тэр үеийн 'Пионерийн үнэн', 'Архангайн үнэн' зэрэг сонинд хэвлүүлж байсан байна. Сурагч ахуйдаа аймгийнхаа 'Найргийн унага' хүүхдийн яруу найргийн наадамд түрүүлж, нийслэл хотноо 'Найргийн даага' наадамд амжилттай оролцож, улмаар МЗЭ-ийн захиалгаар 1991 онд УБИС-д 'Зохиолч, утга зохиолын судлаач'-ийн шинэ анги нээхэд үеийн авьяастнуудын хамт тохой залган суралцах хувь тохиожээ. Анхны шүлгийн түүвэр нь 'Аргал хатаагүй зун' '1996' нэртэйгээр МЗЭ-ээс эрхлэн гаргадаг 'Зөн' цувралаар, 'Залуу насны гэрэлт шувуу' '1999', 'Бөөвөг Сөөвөг Боргоцой гурав' 'хүүхдийн, 2005', тууж өгүүллэгийн 'Хүн загасны цөөрөм' '2008', 'Өлөгчин тэргүүт өгүүллэгүүд' '2009', 'Тэнгэрийн санаа-1' '2013', 'Шилмэл өгүүллэгүүд' цомог '2011' онд тус тус хэвлэгдсэн. 'Залуу насны гэрэлт шувуу' түүврээрээ 2003 онд МЗЭ-ийн шагнал хүртжээ. Яруу найргийн ертөнцөд 20 жил амьдарч, шүлгийн 2 ном гаргаж, 'Болор цом-23', 'Болор цом-29' наадмаас тусгай болон гутгаар байрын шагнал авч байсан. Хүүрнэл зохиолд хожуу орж ирсэн тэрбээр 'Эртний явдал' '2010' өгүүллэгээр 'Утгын чимэг' богино өгүүллэгийн наадамд түрүүлж, 'Үйлийн үрийн төлөөс' '2011' , 'Өлөгчин' '2009' онд дэд тэргүүн, гутгаар байрын шагнал хүртсэн зохиолч юм. Уран бүтээлийн цэнгүүнээ 2002 онд төрсөн нутаг Архангай аймагт зохион байгуулсан. Өгүүллэгийн уран уншлагын 'Тэнгэрийн санаа' 'бие даасан', 'Арван сарын үдэш' 'хамтарсан' утга уянгын цэнгүүнээ 2014 онд нийслэл хотноо хийсэн. 'Тэнгэрийн санаа-1' өгүүллэгийн түүвэр нь оны шилдэг бүтээлд олгох 'Алтан өд' шагналыг 2013 онд хүртсэн. Зохиолчийн өгүүллэгүүд ОХУ, БНХАУ-д уран зохиолын сонин сэтгүүлд орчуулагдан хэвлэгдсэн байна. Зохиолч Б.Баярсайхан сүүлийн 7 жилд туурвисан өгүүллэг туужаас дээжлэн 'Тэнгэрийн санаа', 'Хөх тэнгэр' хэмээх хоёр номоо хэвлүүлжээ.