Строс Лэви
(1908-2009) Угсаатны зүйч, философийн структуралист чиглэлийг үндэслэгч Лэви-Строс Бельгийн Брюссель хотноо, еврей гэр бүлд төржээ. Тэрбээр Парисын их сургуульд философийн чиглэлээр (1927-1932 он) сурч, угсаатны зүйч, социологич Марсель Моссын мэргэжлийн семинаруудад оролцож байсан бөгөөд Бразилд очин, индиан нарын аж байдал, зан заншлыг судалж, Сан-Паулогийн их сургуулийн профессор болсноор социологи заах (1934-1937) болжээ. Дэлхийн II дайн эхэлж, Германы цэрэг Францад цөмрөн орсон нь еврей гаралтай түүнийг Парист байх бололцоогүй болгов. Харин Европын эрдэмтдийг дэмжих Рокфеллерийн хөтөлбөрийн ачаар Лэви-Строс 1940 онд АНУ-д уригдаж, социологи, угсаатан судлалын чиглэлээр лекц уншиж байв. Роман Якобсонтой ойр дотно хамтран ажиллаж байсан нь соёлын антропологи дахь бүтэц шинжлэлийн арга хандлагаа боловсруулахад нь түүнд чухал нөлөө болсон ажээ. Лэви-Строс 1945 оны эхээр Франц орноо эргэж ирээд төд удалгүй Нью-Йорк дахь Францын ЭСЯ-нд томилогдон 1947 он хүртэл соёлын асуудал хариуцсан зөвлөхийн алба хашжээ. Дараа жил нь _« Намбиквара индиан нарын өрх бүлийн болон нийгмийн амьдрал», «Ураг төрлийн энгийн бүтцүүд»_ зэрэг бүтээлээрээ Сорбонны их сургуулиас докторын зэрэг хүртжээ. Тэрбээр _« Гунигт Тропик» (1955), «Бүтцийн антропологи» (1961), «Домог судлал» (4 ботъ, 1964-1971) _зэрэг алдартай бүтээлүүдээ туурвисан билээ.