Бэнс Мэттью

Австралийн зохиолч, сэтгүүлч Мэттью Бэнс нь уул уурхайн салбартай холбоотой тусгай сурвалжлага бэлтгэдэг, чөлөөт сэтгүүлч юм. Тэрээр урьд нь Британий 'Дэйли Мэйл', 'Таймс', 'Гуардиан', 'Түдэй', 'Сан' зэрэг хэд хэдэн сэтгүүлд сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатайгаас гадна Австралийн 'Сан Хералд'-д эрэн сурвалжлах сэтгүүлчийн албыг хашиж байжээ. Тэрбээр Австралийн иргэний агаарын тээврийн талаарх үнэн түүхийг өгүүлэх 'The Men Who Killed Qantas', нууц амрагийнхаа оронд унтаж байгаад үл тайлагдах байдлаар алагдсан олны танил хүмүүс, улс төрчид, урлаг, спортын оддын талаар өгүүлэх 'Mistress', Австралийн морин уралдааны салбарын үнэн дүр төрхтэй уншигчдыг танилцуулах 'Fixed', Австралийн уул уурхайн салбар дахь хээл хахууль, шударга бус байдлыг илчлэн харуулсан 'Dirty Money', 10 жилийн дотор 4 хүүхдийн амийг бүрэлгэсэн, цуврал алуурчин Катлин Фолбигийн бодит амьдралаас сэдэвлэн бичсэн 'When the Bough Breaks' зэрэг онц сонирхолтой олон ном бичсэний дотор 'Рандом Хаус' хэвлэлийн газраас эрхлэн гаргасан 'The Men Who Killed Qantas' зохиол нь шилдэг борлуулалттай номын жагсаалтад багтсан юм. Түүнчлэн 'Dirty Money' буюу 'Бохир мөнгө' зохиол нь бизнесийн чиглэлийн номууд дундаас борлуултаараа тэргүүлдэг бөгөөд Австралийн эрэн сурвалжлах сэтгүүлч Жон Пилжэр энэхүү номыг 'Үнэхээр гайхалтай зохиол төдийгүй Австралид энэ төрлөөр бичигдсэн анхны ном' хэмээн үнэлсэн байна. Тэрбээр нийгмийг донсолгосон олон тайлагдашгүй асуултуудад хариулт өгч, Австралийн бизнесийн салбарын үнэн дүр төрхийг өчүүхэн ч нууж хаалгүйгээр, баримт сэлттэйгээр дэлгэн харуулдгаараа онцлогтой зохиолч билээ. Мэттью Бэнс өдгөө Сиднейд ажиллаж, амьдарч байна.