Элис Манро

Канадын орчин үеийн хамгийн нөлөөтэй зохиолч Элис Манро 1931 онд Канад улсын Онтарио хэмээх жижигхэн хотод ажилчин гэр бүлд мэндэлжээ. 2013 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэхэд нь түүнийг “Орчин үеийн богино өгүүллэгийн мастер” хэмээн танилцуулж байв. 

Хүүхэд байхдаа Ханс Кристиан Андерсоны “Бяцхан лусын дагина” зохиолыг сонссон үеэсээ л уран зохиолд татагдан орсон гэдгээ Манро нэг ярилцлагадаа дурдсан нь бий. Манрод уг үлгэрийн төгсгөл хэтэрхий гунигтай санагдсан учир өөрийн хувилбараа зохиож бичсэн нь эх зохиолоосоо хавьгүй аз жаргалтай төгссөн гэдэг. Манро хэдийгээр 1950 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн ч, Аз жаргалтай сүүдэрт бүжиг хэмээх анхны өгүүллэгийн түүвэр нь 1968 онд хэвлэгдсэн юм. Зохиолч маань үүнээс хойш дахиад арван гурван өгүүллэгийн түүвэр нийтлүүлж, олон шилдэг өгүүллэгүүдээ шинэчилж, шинэхэн эмхэтгэлүүд гаргажээ. Манрогийн зохиолууд хэзээ ч хуучирдаггүй бөгөөд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан тэрхүү бүтээлүүд нь үе үеийн уншигчдын сэтгэл зүрх, оюун санааг эзэмдсэн хэвээр байгаа билээ.