Элиас Канетти

1905 онд Болгарын Русчук тосгонд, чинээлэг сефард жүүдийн гэр бүлд төрсөн Канетти, бага залуу насаа Манчестер, Вена, Цюрих, Франкфурт хотуудад өнгөрүүлжээ. Герман, Австри улсуудад нацистууд засгийн эрхэнд гарснаар тэр 1938 онд Их Британи руу дүрвэхээс өөр аргагүйд хүрч, улмаар 1952 онд энэ улсын иргэн болов. Химийн ухааны докторын зэрэгтэй Канетти анх уран бүтээлээ хэвлүүлэхдээ нэлээд зүрхшээж байсан ч цаашид утга зохиолын ажилд шимтэн орж, бичлэгийн олон төрөлд авьяасаа сорьсон юм. Утга зохиолын энэ агуу эрхэм өөрийг нь олонд таниулсан гол бүтээлүүд буюу 1960 онд бичсэн Масс ба эрх мэдэл хэмээх социологийн ухааны эсээ, 1977-85 онд гаргасан гурван боть намтраасаа гадна нэг роман, цөөнгүй тооны богино хэмжээний намтарчилсан бүтээл, олон арван тэмдэглэл болон афоризмын түүвэр цуглуулга хэвлүүлжээ. 

“Өргөн цар хүрээ, арвин баялаг санаа, уран бүтээлийн эрч хүчээр бялхсан зохиолууд” туурвисных нь учир Канеттид 1981 онд Утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртээсэн юм. Тэрээр 1994 онд Цюрихэд нас барсан билээ. Түүнийг өнөөдөр герман хэлээр уран бүтээл туурвисан хамгийн агуу хүмүүсийн нэгээр зүй ёсоор тооцдогийг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй.