Винсент Ван Гог

27 насанд зарим хүний амьдрал тогтож, хэдийнэ гэр бүл, ажилтай болцгоодог. Харин Ван Гог энэ насандаа л уран бүтээлийнхээ гарааг эхэлж, дэлхийд танигдахуйц өндөр түвшинд хүртэл хөгжиж, өөрийн зам мөрөө тодоос тод үлдээсэн юм. Эргээд харахад тэрбээр энэ бүхнийг арван жилийн хугацаанд л амжуулжээ. 37 настайдаа тэрбээр гунигтайгаар хорвоог орхих хүртлээ аравхан жилийн дотор нэртэй зураачдаас хамгийн олон бүтээл  туурвисан юм. Огцом хувирах зан авиртай ч хөдөлмөрч байсан тэрбээр өөрийнхөө зөв гэдэгт үргэлж итгэдэг байсан нь  бусдад тэвчишгүй санагддаг байсан гэдэг. 27-тойдоо дүүдээ илгээсэн захидалдаа “Миний ирээдүй илүү тодорч, амьдрал минь илүү хялбар болж эхэлж байгаа санагдаж байна. Бүх зүйл өөрчлөгдөж байгаа ч миний доторх бодол, аливааг харах өнцөг минь огтхон ч өөрчлөгдсөнгүй. Надад гарсан өөрчлөлт гэвэл хийж байгаа зүйлдээ улам гүнзгий дурлаж, цаашид хийх зүйлдээ итгэх итгэл минь ундарсаар байна” гэж бичиж байв.