Михаил Юрьевич Лермонтов

Михаил Лермонтов бол Оросын яруу найргийн “алтан үеийн” зохиолчид дундаас Пушкины дараагаар хамгийн томд тооцогдох төлөөлөгч, орчин үеийн орос романы сэтгэл зүйн реализмын анхдагчдын нэг юм. Тэрээр 1814 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Москва хотноо цэргийн халагдсан ахмад Юрий Петрович Лермонтов болон Мария Михаиловна (төрсөн овог нь Арсеньева) нарын гэр бүлд төржээ. Ээж нь түүнийг дөнгөж гуравтай байхад нас барснаар Москва хотоос зүүн өмнө тийш зургаан зуун километр зайтай орших Пенза мужид ээжийнхээ талын эмэг эх дээрээ очжээ. Хүү 1827 онд буюу 13 настайдаа эмэг эхийн хамт эргээд Москвад нүүж ирснийхээ дараахан дээд давхаргын язгууртнуудын хүүхдүүд сурдаг дотуур байртай сургуульд сурах тэтгэлэг авч, удаж түдэлгүй анхны шүлгүүдээ бичиж эхэлжээ. Энэ үедээ Лермонтов мөн нэгэн цаг үед амьдарч асан, өөрөөс нь арван таван насаар ах Александр Пушкин (1799-1837) ба тухайн үед Европ дахины шүтээн болоод байсан Британийн яруу найрагч Лорд Байрон (1788-1824) нараас үлгэр дуурайл авдаг байв.