“ГИШҮҮНЧЛЭЛ”-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Интерном номын дэлгүүрийн “Гишүүнчлэл” нь үнэнч хэрэглэгчээ урамшуулах, худалдан авалт бүрээсээ бонус оноо цуглуулах болон бусад нэмэлт хөнгөлөлт, урамшуулал олгохоор хэрэгжүүлж буй хөтөлбөр юм.


Нэг.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 Хэрэглэгч нь зөвхөн www.internom.mn онлайн худалдааны сайтын Гишүүнчлэл хэсэгт бүртгүүлж Гишүүнчлэлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд холбогдох мэдээллийг оруулж ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ-ийг хүлээн зөвшөөрснөөр хэрэглэгчийн Гишүүнчлэлийг хүчин төгөлдөр болсонд тооцно.

1.2 Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь “Гишүүнчлэл”-ээр худалдан авалт хийх бүрт бонус оноо хуримтлуулах, ашиглахтай холбогдох харилцааг зохицуулна.

1.3 Гишүүнчлэлд хамрагдсан хэрэглэгч худалдан авалт бүрээс сагсны үнийн дүнгийн 3%-тай тэнцэх оноо хуримтлуулах боломжтой бөгөөд дараагийн худалдан авалтад хуримтлуулсан онооны дүнгээр хөнгөлөлт эдлэх эрх нээгдэнэ.

1.4 Гишүүнчлэлийн урамшууллын 1 оноо нь 1 төгрөгтэй тэнцэнэ.


Хоёр. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ, ХАРИУЦЛАГА

2.1 Та www.internom.mn цахим худалдааны сайтад Гишүүнчлэлээр бүртгүүлэх үед өгөх мэдээлэл нь хэрэглэгчийг Гишүүн мөн гэдгийг таньж баталгаажуулах, улмаар урамшуулал хөнгөлөлт үзүүлэх, зөвхөн тухайн хэрэглэгчид зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох үндэслэл болох тул заавал шаардагдана. Үүнд:

2.1.1 Хэрэглэгчийн овог, нэр  - тухайн хэрэглэгч Гишүүнчлэлийн эзэн мөн эсэхийг нотлох

2.1.2 Хэрэглэгчийн утасны дугаар -  тухайн хэрэглэгч Гишүүнчлэлийн эзэн мөн эсэхийг нотлох, Гишүүнчлэлийн картын ПИН кодыг мессэжээр хүлээн авах

2.2 Хэрэглэгч бүртгүүлсэн утасны дугаараа ашиглахаа больсон эсвэл эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн тохиолдолд www.internom.mn сайтад өөрийн эрхээр нэвтрэн бүртгэлтэй утасны дугаарын мэдээллээ шинэчлэх үүрэгтэй.

2.3 Хэрэв хэрэглэгч хувийн мэдээллээ худал бүртгүүлсэн эсвэл цаг тухайд шинэчлээгүйн улмаас Гишүүнчлэлийн оноогоо хуримтлуулах болон ашиглах боломжгүй болсон тохиолдолд Интерном ХХК хариуцлага хүлээхгүй.

2.4 Гишүүнчлэлтэй холбоотой гомдол үүссэн тохиолдолд тухайн Гишүүнчлэлийн эзэн мөн эсэхийг баталгаажуулах зорилгоор Интерном ХХК -ийн холбогдох ажилтан “Иргэний үнэмлэх”-ийг шалгах хүсэлт тавьж асуудлыг шийдвэрлэх алхам хийж болно.

2.5 Интерном ХХК нь Гишүүнчлэлийн системийн аюулгүй, найдвартай хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн нууцлалыг хамгаалах бүх талын арга хэмжээг авч ажиллана.

2.6 Интерном номын дэлгүүрийн Гишүүнчлэл нь зөвхөн танд зориулагдсан үйлчилгээ бөгөөд бусдад дамжуулах болон ашиглуулахыг хориглоно.

2.7 Хэрэв өөр бусад этгээдэд гишүүнчлэлийн мэдээллээ санаатай болон санамсаргүй байдлаар дамжуулсан, ашиглуулсан тохиолдолд учирч болох эрсдэлийг Интерном ХХК хариуцахгүй бөгөөд тухайн хэрэглэгчийн гишүүнчлэлийн эрхийг түдгэлзүүлэх эрхтэй.


Гурав. ГИШҮҮНЧЛЭЛИЙН КАРТЫН ОНОО ЦУГЛУУЛАХ, ЗАРЦУУЛАХ

3.1 Гишүүнчлэлд бүртгүүлсэн хэрэглэгч доорх сувгуудаар оноо хуримтлуулах, ашиглах боломжтой байна.

3.1.1 Оноо хуримтлуулах суваг:

3.1.1.1 Интерном номын дэлгүүрийн УБ хот дотор салбар дэлгүүрүүд

3.1.1.2 www.internom.mn онлайн худалдааны сайт

3.1.1.3 “Amarnom” цахим номын аппликейшн

3.1.2 Оноо ашиглах суваг:

3.1.2.1  Интерном номын дэлгүүрийн УБ хот дотор салбар дэлгүүрүүд

3.1.2.2 www.internom.mn онлайн худалдааны сайт

3.2 Хэрэглэгч Гишүүнчлэлийн картын оноогоо ашиглахдаа:

3.2.1 Салбар дэлгүүрүүдээс худалдан авалт хийхдээ кассын ажилтанд бүртгэлтэй утасны дугаар болон 4 оронтой ПИН кодоо хэлж хуримтлуулсан оноогоо зарцуулах боломжтой.

3.2.2 Онлайн дэлгүүрээс худалдан авалт хийж буй тохиолдолд захиалгын Төлбөр төлөх хуудсанд буй Бонус оноо ашиглах сонголтыг идэвхжүүлнэ.

3.2.3 Amarnom аппликейшн дээр худалдан авалт хийхдээ урамшуулал оноогоо зарцуулах боломжгүй ба www.internom.mn сайтаар дамжуулан цахим болон аудио номыг худалдан авалт хийж хуримтлуулсан оноогоо зарцуулж болно.