Интерном
2022.10.20 · 3 мин

​ХЭДЭН НАСНААС НЬ НОМ УНШУУЛЖ ЭХЛЭХ ВЭ?

Хүүхэд хэдийчинээ эрт номтой харьцаж сурна, ирээдүйд сайн уншигч болох магадлал төдийчинээ өсдөг. Бусад мэдээллийн хэрэгсэлтэй харьцуулахад номын бас нэг давуу тал бол хүүхэд номтой алхам алхмаар харьцаж сурах боломжтой байдагт оршино. Хүүхэд гурван сартайгаас эхлэн номтой “танилцах” боломжтой бөгөөд яваандаа түүнийг тоглоомын нэг хэлбэр, миний өдөр тутмын хэрэглээ гэж хүлээж авна.

Олон улс оронд гурван сартайгаас нь эхлэн хүүхдэд зориулсан төрөл бүрийн ном гаргадаг аж. Ингэхдээ эхлээд даавуун материалтай, тод өнгөтэй, эрүүл ахуйд тохирсон номыг авч өгч болно. Тэд номоо үмхэх, базах зэргээр мэдэрч эхлэн улмаар 5-6 сартай хүүхэд хурц тод зургийг нь харж сонирхоно. Харин 7-8 сартайдаа хуудсыг нь эргүүлэх болж алхам алхмаар танилцах боломжтой юм. Өөрөөр хэлбэл есөн сар хүртэлх үеийг номтой танилцах үе гэж нэрлэж болно.

Хүүхэд есөн сартайгаасаа элдэв дуу авиаг тогтоож, түүнийгээ дуурайх чадвартай болсон байдаг. Авиа, үеэр ярих нь үгийг бүтнээр нь хэлж сурах эхлэл болж өгнө. Энэ үед жинхэнэ утгаар нь номын доторхыг сонирхон үзэж, зургийг нь “унших” чадвартай болж эхэлдэг. Гэхдээ тэр болтол хүүхдэдээ зургуудыг нь харуулж, тайлбарлан ярьж өгөөрэй. Энэ нь таны хүүхдийг удахгүй ярьж сурахад сонсголын маш чухал дасгал болдог юм шүү.

Улмаар 9-10 сартайдаа үгтэй төстэй үеүд хэлэх авч утгыг нь ойлгож хэрэглэх чадваргүй байна. Байнга хэрэглэдэг эд зүйлсээ танихаас гадна нэрээр нь дуудахад харна. Ойр зуурын уриалсан үгийг ойлгоно. Жишээ нь: Нааш ир, гадаа гаръя гэх мэт. Авахыг хүссэн зүйлээ зааж ойлгуулна, толгой дохих эсвэл сэгсэрч зөвшөөрсөн эсвэл дургүйцэж байгаагаа илэрхийлнэ. Баяртай гэж гар даллах, гоё байна гэж алга таших гэх мэт ойр зуурын дохиогоор харилцана. Мөн энэ үеэс хүүхэд хавтгай дээрээс дүрс “унших” чадвартай болж эхэлнэ. Энэ бол оюун ухаанд нь гарч байгаа маш том алхам юм. Бодит зүйлийг хийсвэрлэн ойлгож сурч байна гэсэн үг. Жишээ нь зургаас халбага, аяга, бөмбөг гэх мэтийг хараад танина. Аав ээж нь хүүхэдтэйгээ хамт энгийн хялбар зурагтай ном үзэж, тэдэнд ойлгомжтой үг хэллэгээр тайлбарлан ярилцаж, хамтдаа тоглох явцад хүүхдийн ой тогтоолт сайжирч, хэлд орох үйл явц илүү эрчимтэй явагддаг.

Хүүхэд ойролцоогоор нэг настайдаа анхны үгсээ хэлдэг болж, үгийн утгатай дүйцсэн үйл хөдлөл үзүүлж эхэлнэ. Хэлж чаддаг үгийг нь асуувал хариулахдаа дуртай байх ба үүнийг нь дэмжиж ном үзэхдээ мэддэг үгсийг нь оролцуулан ярилцаж болно. Жишээ нь: “Энэ юу вэ? Өө, нээрээ нохой байна. Нохой яадаг билээ? гэж асуухад хүүхэд хав хав гэх мэтээр хариулж чаддаг болно.

Харин нэгээс хоёр насандаа хүүхэд өөрийн үгийн санг бүрдүүлж эхлэх ба хэлсэн үг нь бүрэн зөв биш ч гэр бүлийнхэн нь юу хэлэх гэснийг нь ойлгоно. Ойролцоогоор нэг ой хагастайдаа хүүхэд дунджаар 25 үгийг эзэмшсэн байх ба ганцхан үгээр санаагаа илэрхийлж эхэлдэг. Энэ үеийг нэг үгт өгүүлбэрийн үе гэж болно. Жишээ нь: Май- өг гэсэн утгатай. Мөн “юу вэ? энэ юу вэ?” гэж асууж эхэлнэ.

Нэг нас зургаан сартайгаас хоёр хүртэл насандаа хүүхэд тань хангалттай үг мэддэг (50 орчим) бол хоёр үгтэй өгүүлбэр хэлж эхэлнэ. Жишээ нь: Гадаа үүдэн-. гадаа машин явж байна гэсэн санаа. Энэ үед хүүхэд өөрөө бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй ч бусдын яриаг маш сайн ойлгодог болсон байна. Энэ нь тэдний идэвхгүй үгийн сан идэвхтэй хэлж чаддаг үгнээсээ хэд дахин их байгаагийн илрэл юм.

Тэд хоол идэх, тоглох, дэлгүүрээс юм худалдаж авах, унтах зэрэг өөрсдийнхөө өдөр тутмын амьдралаас аль хэдийнээ мэддэг болсон үйлдлүүдийг номын зураг, хялбар өгүүлбэрээс маш сайн ойлгоно. Эдгээр үйлдэлтэй холбоотой үгсийг хичээнгүйлэн цээжлэхээс гадна танил шүлэг, дууны мөрүүдийг их л тааламжтай дахин дахин давтан сонсох дуртай байдаг. Мөн аяыг нь дуурайхыг оролдон гар хөлөө хөдөлгөн дуулах, бүжиглэхийг оролдох нь тэд хөдөлгөөний эрхтэнүүдээ илүү хянаж удирдаж сурч байна гэсэн үг.

Хоёр ой хагастай хүүхдийн үгийн сангийн баялаг маш эрчимтэй нэмэгдсээр ойролцоогоор 150-200-д хүрнэ. Үгсийг хэлэхэд арай хялбар болох ч хараахан бүрэн гүйцэд зөв хэлж чадахгүй. Энэ бол хүүхдүүдийн шинэ үгс идэвхтэй цуглуулдаг онцгой үе юм. Хэрвээ таны хүүхэд бүхэл өдрийн турш элдэв зүйлийг нэрлэн нэхэж, асууж эхэлбэл та түвэгшээж хэрхэвч болохгүй. Хүүхэд зөвхөн хэлний чадвараа дээшлүүлээд зогсохгүй бас өөрийгөө илэрхийлэхэд давхар суралцаж байгааг ойлгох хэрэгтэй. Энэ үед нь хүүхэдтэйгээ үгийн санг нэмэгдүүлэхэд зориулсан зурагт номуудыг хамтдаа үзээрэй.

Хоёр настай хүүхэд хэдийнээ өөрийн үгсийн сантай болж амжих ба 2-3 үгтэй өгүүлбэр хэлж бас асуулт тавьж эхэлдэг тул оройтлоо гэхэд хоёр наснаас хэтрүүлэлгүй хүүхэдтэйгээ хамт ном уншиж, харилцан ярилцаж эхлэх шаардлагатай.

Эцэг эхчүүд хүүхдээ багаас нь ингэж дэмжиж өгвөл ном тэдний насан туршийн хэрэглээ болж, соёлтой, боловсон иргэн төлөвших үндэс суурь тавигддаг байна.

3-4 настай хүүхдийн уншуулах дуртай сэдэв

Энэ насны хүүхэд аливаа мэдлэгийг өөртөө сорох мэт шингээж авдаг. Тэд танин мэдэхүйн бүх төрлийн, юмсыг бүхэлд нь уялдаа холбоонд нь тайлбарласан номонд дуртай байдаг. Яагаад гэсэн асуултанд хариулсан урт богино бичлэгтэй, зурагтай, нээгдэж хаагддаг зурагтай ном тэдний хувьд их тохиромжтой.

Үүнтэй төстэй нэмэлт даалгавар бүхий бас бие эрхтэнүүдийн тухай тайлбартай зурагт ном мөн өнгө, дүрс, харьцаа, тоо, үсэгтэй, зурдаг буддаг номууд энэ насанд тохиромжтой.

Ер нь энэ насны хүүхдийн ном сэдвийн хувьд өргөжиж, хийсвэр ойлголтууд болох айдас, зэмлэл, бишүүрхэх, ичих, нөхөрлөл, найз гэх мэт сэдвүүдийг хөндсөн байж болно. Мөн амьтдын тухай сэдэв гол сэдэв хэвээр байна. Түүнчлэн зан заншлыг хялбаршуулан, сонирхолтой аргаар тайлбарласан, жишээ нь шинэ жилийн баярын тухай гэх мэт номуудыг энэ насныхан их сонирхон үздэг.

Эх сурвалж davalgaa.mn

Сүүлд нэмэгдсэн

Бүгд

ХҮНИЙ ДОТОРХ ХИЛЭНЦИЙГ СЭРЭЭСЭН СУВД

Нийтлэгч Интерном

2024/04/02

Уншигчид эл бяцхан түүхэд дуртай байдгийн шалтгаан бол хүн бүрийн сэтгэлд оршдог үнэн хийгээд шударга ёсыг эрхэмлэсэн чанад далдын мэдрэмжийг нь хүчтэй цочроож өгдөгт буй.