Интерном
2022.08.03 · 4 мин

ЗОХИОЛЧ ЖОН СТЕЙНБЕКИЙН БИЧЭЭЧДЭД УРАМ ЗОРИГ ӨГӨХ 5 ЗӨВЛӨГӨӨ

АНУ-ын Нобелийн шагналт зохиолч Жон Стейнбекийн бичих хүсэлтэй хүн бүхэнд бичих ур дүйд тань хэрэг болох таван зөвлөгөөг хүргэж байна. Тэрээр 1963 онд Нобелийн шагнал хүртсэн  бөгөөд “Зүүн зүгийн диваажин”, “Хулганууд ба хүмүүс” зохиолоороо алдаршсан билээ.

1. Төсөөллийн найзтай болох

Энэ жигтэй сонсогдож мэдэх ч Жон Стейнбек хий үзэгдэл,эсвэл тоглоомоо найзаа болгох төсөөллийн найзыг хэлээгүй билээ. Харин хэн нэгнийг/ жишээ нь редактораа/ эсвэл өөрийн айдаг хүнтэйгээ ярилцаж байна гэж төсөөлөхөд бичих урам зоригийг нь сэргээдэг гэж зөвлөжээ.

Тэрээр “Парис Ревью” сайтад өгсөн нэгэн ярилцлагадаа “Олон нийтэд зориулж бичих үргэлж хэцүү байдаг. Яг  л зураг авхуулахдаа хөшдөгтэй адил санагддаг. Миний хувьд үүнийг давах арга нь хэн нэгэнд зориулж бичих явдал юм. Яг л хэн нэгэнд зориулж захиа бичиж буй мэт. Ингэснээр царай нь л үл харагдах уншигчдаас айх айдсыг арилгахаас гадна эрх чөлөө, хамааралтай байдлаас холдож чаддаг” гэжээ.

Үнэхээр ч Стейнбекийн “захидлууд” сэтгэлээр унасан үед эсвэл өөрийгөө голсон үедээ уншихад тайвшрал, урам зориг өгдөг төдийгүй бодол санааг ч цэгцэлж өгдөг. Хэрэв та ямар нэгэн зохиол эхлүүлэх гээд суусан ч бодол санаа тань төвлөрч өгөхгүй бол хэн нэгэнд захиа бичиж өөрийн мэдрэмжээ гаргах гээд үзээрэй.

2. Шаламгай ажил, дуусгаад март

Стивен Кинг, Женнифер Эган нар шиг Стейнбек анхны ноорог дээрээ хурдан болоод тууштай ажиллахыг санал болгожээ. Бүх зүйлээ цаасан дээрээ буулгасны дараа л зас, янзал, редакторла. Түүний хувьд бичиж байгаад болих, эсвэл удаан хугацааны завсарлага авах эсвэл дахин шинээр эхлүүлэх нь зохиолтойгоо ямар нэгэн байдлаар холбогдсон ухамсрын зүйлийг нь царцаадаг ажээ.

“Аль болох чөлөөтэй, хурдан бичиж, бүх зүйлээ цаасан дээр буулга. Бичиж дуусах хүртлээ огт засаж, дахин эхлүүлж болохгүй. Бичих явцдаа ахин бичиж эхлэх нь ихэнхдээ үргэлжлэхгүй байх шалтаг бодог юм. Ингэснээр зохиолын урсгал хэмнэлд саад учруулдаг”

3. Ганц хүнд зориулж бич

Зарим зохиолч зах зээлд зориулж бичдэг. Өөрөөр хэлбэл зах зээлийн чиг хандлагад дүн шинжилгээ хийж, зарагдаж болохуйц зүйлийг бичихийг хичээдэг. Тэгвэл Тони Мориссон дүрдээ зориулж зохиолоо бичдэг шиг, Стейнбек нэг уншигчид зориулж бичдэг ажээ.

Тэр хүн нь хэн ч байж болно. Найз нөхөд, ажлын хамтрагчид сэтгүүлийн шүүмжлэгч эсвэл өөртөө ч зориулж болно. Нэг үгээр “Уншихыг хүссэн зүйлээ өөрөө бич” гэсэн үгийг дагадаг. Стейнбек өөрөөр хэлбэл “гол уншигчдадаа” мартдаг гэсэн үг.

“Шалтгаан нь олон бий. Нэгдүгээрт нэргүй, дүр төрхгүй уншигчдын талаар бодохоор л айгаад бичиж чадахгүй байх нь бий. Хоёрдугаарт театраас ялгаатай нь үзэгчид бичиж байх үед тань байхгүй. Бичигчийн хувьд ганц уншигч нь та өөрөө юм. Заримдаа нэг хүнийг /бодит хүнийг/ төсөөлж түүнд зориулж бичих нь тусалдаг гэдгийг анзаарсан юм.”

4. Айдсаа хүлээн зөвшөөр

Айдас бол олон зохиолчийн хамтрагч гэж хэлж болно. Зади Смит, Салли Рүүни нар шиг амжилтад хүрсэн орчуулагчид хүртэл номоо бичиж дуусгах болгондоо бүтээлч түлш нь дууссан байх вий хэмээн эмээдэг тухайгаа дурдаж байжээ. Хэрэв тийм бол яах вэ, ахиж хэзээ ч ном бичихгүй бол яах вэ.

Зохиолч Жон Стейнбек ч бас ийм айдаст автаж байжээ. Стейнбек Пулицерийн шагналыг хүртсэнийхээ дараа ч өөртөө эргэлзэж, сэтгэл санаагаар унаж байсан аж. Түүний тэмдэглэл, захидлууд нь үүнийг хялбархан гэрчилдэг бөгөөд сэтгэл гутрал нь Кафкагийнхтай төстэй байсан гэхэд хилсдэхгүй.

“Миний ажил сайнгүй байна. Үүндээ маш их бухимдаж байна. Би унаж байна. Бүх насаараа үүндээ хальтарч байна” гэж тэмдэглэлдээ бичсэнээс харахад энэхүү айдас нь хэр том байсныг мэдэж болно.

Тэгвэл зохиолч энэ айдсаа хэрхэн даван туулж, цааш бичихэд нь юу түлхэц өгөв.  Стейнбек өөрийн мэдэлгүй Буддын арга барилыг ашигласан гэхэд хилсдэхгүй. Тэр өөрийн айдсаа олж хараад үүнийгээ хүлээн зөвшөөрч, даван гарч чаджээ. Тэр айдастайгаа тэмцээгүй, зогсоохыг, удирдахыг ч оролдоогүй аж. Нэг үгээр энэ мэдрэмж нь үнэн биш хуурмаг гэдгийг ухамсарласан байна.

“Айж эмээдэггүй зохиолч аз жаргалын удирдлагыг, түүнийг сүр жавхланг мэддэггүй”

5. Сахилга баттай дадал зуршлыг төлөвшүүлэх

1989 онд хэвлэгдсэн Стивен Ковигийн “Үр дүнтэй ажилладаг хүмүүсийн 7 зуршил” хэмээн бизнесийн номд чухаг нэг мөр бий. Хэрэв эл номыг олон дахин уншвал өөрийгөө нэг талаар цөхрөөж мэдэх ч ганц чухал санаа бий. “Хэрэв та сахилга батгүй бол ямар ч авьяас танд сайнаар нөлөөлөхгүй”. Үүнд та цаг заваа зориулах хэрэгтэй.

Зохиолч Стейнбек үүнийг бүрэн дүүрэн таньж мэджээ. Түүний хэрхэн ажилладгийг “Ажлын өдрүүд: “Цөхрөлийн үр жимс” тэмдэглэл” номоос түүний шийдэмгий, сахилга батыг тодорхой харж болно.

“ЭНЭ НОМЫГ БИЧИХ ЯВЦАД НАДАД ЮУ Ч ТОХИОЛДОЖ МЭДЭХ Ч БИ СУЛ ДОРОЙ БАЙХ ЁСГҮЙ. ҮҮНИЙГЭЭ БИЧИЖ ДУУСГАХ ЁСТОЙ. ХҮСЭЛ ЗОРИГООСОО НЭГ ӨДӨР Ч ГЭСЭН БУЦАХ НЬ ЗОХИОЛД БҮХЭЛД НЬ СҮЙРЛИЙН НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ТӨДИЙГҮЙ ЦАГ ХУГАЦАА, ХЭЛЛЭХ ГЭСЭН САНААГАА АЛДАХААС Ч ХАМААГҮЙ АЮУЛТАЙ ЮМ. ЗОХИОЛЫН ФИЗИК ҮНДЭС БОЛ ЗОХИОЛЧИЙН САХИЛГА БАТ, ТҮҮНИЙ МАТЕРИАЛ МӨН ХЭЛ ЮМ. ХАРАМСАЛТАЙ НЬ САХИЛГА БАТ ҮГҮЙ БОЛБОЛ БҮГД ҮГҮЙ БОЛНО”

Сүүлд нэмэгдсэн

Бүгд

ХҮНИЙ ДОТОРХ ХИЛЭНЦИЙГ СЭРЭЭСЭН СУВД

Нийтлэгч Интерном

2024/04/02

Уншигчид эл бяцхан түүхэд дуртай байдгийн шалтгаан бол хүн бүрийн сэтгэлд оршдог үнэн хийгээд шударга ёсыг эрхэмлэсэн чанад далдын мэдрэмжийг нь хүчтэй цочроож өгдөгт буй.