Чингис хаан ба монголын эзэнт гүрэн (12)
Тэмүжин язгуурын монголчуудыг нэгтгэх нөр их үйл хэргийг орь залуугаасаа 20 гаруй жил оройлон манлайлж,энэ хугацаанд их, бага 32 удаагийн тулалдаан хийж, монгол угсааны 81 аймгийг өөртөө дагуулж, монголын тархай бутархай олон аймгийг нэгтгэж "Хагацсан улсаа хамтатгаж, бутарсан улсаа бөөгнөрүүлж"үлэмж их хэргийг гүйцэтгэсэн болой.Үүний үр дүнд Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулаа.Төрийн ёс жаягийн дагуу Их хуралдайг хуралдуулж, Их Монгол улс байгуулагдсаныг даяар олноо зарлан тунхаглаж, нүүдэлчин Монголчуудын төрийн жолоог атгах Их хааныг нийтээр сонгон өргөмжлөх бодит шаардлага гарч ирлээ.