Чингис хаан: Чингис хааны өргөмжлөл (13)
Тэмүжин Их хааны сууринд суусны дараа түүнд үнэнч шударга зүтгэсэн эгэл ардыг харцаас хамжлагатан, зарцаас зарлигтан болгон өргөмжлөл хүртээжээ. Улс иргэнээ алтан урагтандаа хуваан өгөхийн хамт тэдний эзэмших нутаг,бэлчээрийг нь хэмжээлэн тодорхойж, харъяат ноёдыг томилов.Мөн олон овог аймгуудаа нэгтгэж, Их Монгол улсыг байгуулах үйлсэд чин сэтгэлээрээ зүтгэсэн 88 гавьяатан нөхдөө нэр заан тодруулж, 95 мянганы ноёдоо томилж, угсаатан ноёд болгосон билээ.Энэ тухай Монголын нууц товчооны 202 дугаар зүйлд өгүүлсэн нь:"Улс төрийг байгуулалцсан урьдын гавъяат нөхдөө угсаатан ноёд болгож мятралгүй зүтгэсэн миний хайрт нөхдийг мянганы ноёд өргөмжилж, соёрхлын үгийг хэлье" гэж зарлиг болгон, мянганы ноёдыг томилж тушаасан байна.