A LookSee Book
A LookSee Book' нь Лепорелло (сэвүүр) хэлбэртэй, 3-12 сартай нялх хүүхдүүдэд зориулсан ном бөгөөд өндөр контрасттай дүрслэлүүдийг хөрөг зургуудтай хослуулсан зургийн ном юм. Нялх хүүхдийг хэвлий гэдсээр нь хэвтүүлэн, номоо хүүхдийн урд талд нь уртаар нь тарааж, босоогоор байршуулах зориулалттай.
'А' талд сансар огторгуйгаас эхлэн нарны аймаг, дэлхий, түүн дээр амьдрах олон төрлийн амьд биетүүдийг дүрсэлсэн хар-цагаан зургууд багтсан. Сүүлийн зурагт дүрслэгдсэн хүүхдийн хөлийн мөр нь хүн төрөлхтөн бидний эх дэлхийдээ үлдээх ул мөрийг сануулах мөн хойч үе болох хүүхдүүдийн гэрэлт ирээдүйг билэгдэн дүрсэлсэн бөгөөд номын Б тал руу хөтөлнө.
'Б' талд хүн төрөлхтний олонлог төрөл байдал, өвөрмөц чанарыг харуулсан хүүхдүүдийн хөрөг зургууд байна. Хөрөг зургууд нь баяр баясал, гайхширал зэрэг сэтгэл хөдлөлүүдийг тусгаж харуулсан. Хөрөг зургуудын дунд байрласан толь нь бяцхан уншигчдад өөрийгөө үеийнхнийхээ дунд олж харах, гаднаасаа өөр харагдах ч гарцаагүй ижилхэн хүмүүн бид мөн л ижилхэн зүйлс сэтгэлдээ мэдэрдэг болохыг харуулах зорилготой юм.
“A LookSee Book”-ийн гол зорилго нь хүүхэд болон асран хамгаалагчийн хоорондын харилцааг илүү ойр, дулаан болгоход оршдог. Дүрслэлүүд нь өөрсдөө өгүүлэмж бүхий утгатай тул асран хамгаалагчид өөрсдөө үүнийг ойлгон ярьж өгөх боломжтой. Та өөрийн ойлгож байгаагаараа хүүхдэдээ өгүүлэмж бүтээн өгөх юм.