Монголын цам бүжгийн нууц
Монголын цам бүжгийн нууц
Монголын их эрдэмтэн Бямбын Ринчен гуай “Монголын цам бүжгийн нууц” номдоо нүүдлийн соёл иргэншлийн онцлог шинж, сүм хийдийн боловсрол, лам нарын өдөр тутмын амьдралын хэв маяг, цамын багийн өвөрмөц дүр төрх, хөдөлгөөн, бэлгэдлийг нүдэнд харагдтал дүрсэлжээ.
Сүм хийдэд малчдын хүүхдүүд шавилан сууж гүн ухаан, хэл шинжлэл, уран зохиол, яруу найраг, анагаах ухаан, урлахуйн ухаан, одон орон, тоо зурхайн ухаанд суралцах төдийгүй зураач, сийлбэрч, мужаан, дархан, оёдолчин, нэхмэлчин зэрэг нарийн ур чадвар шаардсан мэргэжлийг эзэмшдэг байсан тухай тус номд дурджээ.
Энэ ном нь монголчууд хэрхэн цам бүжгийг өөрсдийн уламжлалт соёл болгож хөгжүүлснийг өгүүлээд цамын талбайн зохион байгуулалт, цамын баг, хувцас хэрэглэлийг урлан бүтээх бэлтгэл, цамын дүр тус бүрийн үүрэг, үйл хөдлөл, дохио зангаа, бэлгэдэл, сүсэгтэн, үзэгчидтэй харилцах харьцааг өгүүлсэн байна.
Тус ном нь билгүүн номч Бямбын Ринчений монгол цам бүжгийн тухай судалгааг сүм хийд, лам нар, цамын багийн 50 гаруй гэрэл зургаар чимэглэсэн нөр их хөдөлмөр шингэсэн чухал бүтээл болжээ.
