Өөрийгөө олох хөтөч
Гал цогтой, итгэл дүүрэн амьдрах нь чин зүрхний хүсэл мөрөөдөл, амьдралын зорилгоо олохоос эхэлдэг болов уу. Түүнийгээ олоогүй үед хүн өөрийгөө хүчилж, амьдралын төлөө зүтгэсээр байх ч дутуу, хоосон мэдрэмж салдаггүй мэт. Би хүмүүсийн энергийг оношилж, көүч уулзалт хийж байх үед ихэнх хүмүүс амьдралын зорилго чиглэлгүй, сэтгэлийн гүндээ шаналалтай байгааг анзаарсан юм. Нийгмийн тодорхойлолтоор амжилттай яваа хүмүүстэй ярилцахад ч өөртөө итгэлгүй, сэтгэл дундуур байгааг хараад ихэд гайхаж билээ.
Бага насны дэврүүн хүсэл тэмүүлэл, цог золбоо хаачсан бэ? Завгүй амьдралын шуурганд та өөрийн дотоод сэтгэлээ чимээлж суух цаг гаргасан билүү? Салхинд хийсэх хамхуул мэт явсаар амьдралаа үрж байгаа юм биш биз? Сэтгэлийн гүн дэх дуудлага буюу “чимээгүй хашхираан” эхэндээ чанга сонсогддог ч цаг хугацаа өнгөрөх тусам багассаар алсад сарнидаг мэт. Тэр дуу хоолой сонсогдохоо болих тэр л цагаас бид бүхэлдээ энэ нийгмийн эрэг, шурга болж, зөвхөн амин зуулгын төлөө бүхий л амьдралаа зориулдаг нь хатуу үнэн. Тэрхүү хоосон орон зайг нөхөх гэж өөрийн жинхэнэ мөн чанар, энэ орчлонд төрсөн утга учраа марттал солонго хөөж амьдарсаар эцэстээ харамсдаг гэлтэй.
Материаллаг байдлаас үл хамааран амьдралаа утга учиртайгаар өнгөрөөж байгаа эсэх, өөрийгөө олж таньсан эсэх шалгуур бидний амьдралын аль нэг цаг мөчид заавал ирдэг гэлтэй. Тэгвэл “Хэрхэн өөрийгөө таньж, чин зүрхний хүсэл мөрөөдөл, амьдралын зорилгоо олох вэ, хэн ч биш болж уналтын цэгтээ ирсэн ч сөрж босох, итгэлээ алдахгүй байх тэр хүч юу вэ?”. Тухтай бүсдээ хайрцаглагдсан мэт нэгэн хэвийн нөхцөл, байдлыг хувиргаж эрх чөлөөтэй, бүтээлч, хайр энэрлээр дүүрэн, өөрөөсөө давж бусдад туслах шийдвэр гаргасан орон зайнд л тэрхүү хүч нээгдэж, бид өөрийн дээд биетэйгээ холбогддог мэт.
Та амьдралынхаа аль нэг үед гацсан мэдрэмжтэй байгаа бол, чин зүрхнийхээ хүсэл мөрөөдлөө хайж буй бол, өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг танихыг хүссэн ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал энэхүү номыг заавал уншаарай.
Та хүссэнээрээ амьдарч байна уу, эсвэл бусдын хүлээлтэд нийцэх гэж хичээж явна уу?
Амьдралаа өөрчлөх хүсэлтэй хүн бүрд зориулав.
