Ирвэс
Гэрэл зурагчин, аялагч Ч.Батзаяа эх орныхоо бахархалт зүйлс, Монголын ялгарлыг гэрэл зургаар дамжуулан дэлхийд таниулан сурталчлах, хойч үедээ эдгээр үнэт зүйлсээ хайрлан хамгаалах сэдлийг төрүүлэх зорилготой гэрэл зургийн “Аян” төслийн хүрээнд монгол орны байгалийн болон соёлын олон талт өвөрмөц байдлыг харуулсан ИРВЭС, БҮРГЭД, ЦААТАН нэртэй гэрэл зураг- танин мэдэхүйн цоморлог номуудыг National Geographic брэндийн дор 2022-2023 онуудад туурвин гаргажээ. Тус бүтээлүүдийн өмнөх үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ нар бичсэн нь тус бүтээлүүдэд харуулж буй монгол орны байгалийн болон соёлын үнэт өвүүдийг улсын хэмжээнд, цаашлаад дэлхийд Монгол улс байгаль, соёлын өвүүддээ чухал анхаарал хандуулан, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хэрхэн өндөр ач холбогдол өгч буйг илтгэн харуулж буй хэрэг билээ.
ИРВЭС ном нь түүний анхны бүтээл бөгөөд уг номд Монгол орны алс баруун хязгаар, цаст өндөр уулсаар нутагладаг нэн ховор цоохор ирвэс, түүнийг хүрээлэн буй байгаль, бусад ан амьтдын гэрэл зургуудыг уран бүтээлчийн нүдээр дэлгэн харуулж, олон удаагийн хүнд бэрх аян замууд, тэдгээрийг хэрхэн туулсан тухайгаа аялагч хүний хувиар тэмдэглэн бичиж, цоохор ирвэсийн талаарх танин мэдэхүйн бичвэрүүд, инфографик мэдээллийг нэгтгэн оруулсан.