Нохой

Нохой
Ямар ч нохой гэгээн цагаан өдрөөр гудамжинд яваа хүн рүү дайрдаггүй. Тэр нь ухамсрын гэхээсээ илүү зөн мэдрэхүйн үйлдэл юм. Жишээ нь гэхэд, хашаан дээгүүр цоройн хуцаж буй нохой хашааг давж чадахгүйдээ биш, тэр хилээс цааших гудамж бол нийтийн эзэмшлийн өмч мөн гэдгийг ойлгож буйгаас тэр. Тэгвэл гудамжаар гүйж яваа золбин ноход бүр ч томоотой.
Тэд өөрсдийн хууль бус эрх чөлөөгөө зөв эдлэхийн тулд чингэхээс өөр аргагүй. Хэрэв хэн нэгэн рүү дайрах аваас тэдэнд гарцаагүй хууль үйлчилж эхэлнэ. Нохой устгагчид тэднийг төмөр утсаар боомилон хөтөлж аваачаад, хүнд царилаар хоншоор руу нь ганцхан дэлсэж орхино. Тэгэхээр, тийм хямдхан үхэл мэдээж тэдэнд хэрэггүй. Гэтэл тийм хэрэггүй үхлээр үхсэн ноход өчнөөн байдаг.
Харин миний мэдэх тэр нохой яаж ч бодсон ялгуусан үхлээр үхсэн юм. Тийм болохоор би тэр нохойн үхэл шиг үхлээр үхэж чадах нохой лав л энэ зуунд дахин төрөхгүй гэж боддог юм даа.