Би ингэж бодож байна, чи юу гэж бодож байна
Би ингэж бодож байна, чи юу гэж бодож байна
Эрт дээр цагаас Монголчууд аж төрөх арга ухаанаас эхлээд ертөнцийг үзэх үзэл, орчлон хорвоогийн тухай бүхий л мэдлэг, ойлголтоо эцэг эхээс өвлөн аваад үр хойчдоо дамжуулсаар ирсэн. Орой тэнгэрийн хаяа үүлтэй байвал маргааш цаг агаар муудна гэхчлэнгийн ардын ажиглалтаас эхлээд буян нүглийн тухай гүн ухааны ойлголтыг хүртэлх өргөн агуулгатай тал нутгийн боловсролын системийн үндсэн багш нь аав, ээж ахмад настан нь байсан юм. Тийм ч учраас “Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ”, “Буурлаас үг сонс, болсон идээнээс бүү зайл” хэмээн сануулан хэлж иржээ. Энэ нь нүүдэлчин амьдралынх нь хэв маяг, тал нутгийн аж төрөх онцлогоос урган гарсан зүйл байв. Он цаг улирах хэрээр Монгол нутгийн нүүр царай хувирч, боловсрол мэдлэг түгээх тогтоц эрэмбэ суурин соёлын хэм хэмжээнд нийлэн орж байна. Гэлээ гэсэн ч эцэг эх, ахмад үеийн амьдралын мэдлэг туршлага хоёр нь арга билиг мэт орчилдсон үг сургаалын үнэ цэнэ буурах байтугай нэмэгдсээр байна. Учир нь эцэг эхийн халуун сэтгэл, эмээ өвөөгийн хайр шингэсэн үг сургаал нь ямар ч үнэтэй дамжаа, хаанахын ч вакумжуулсан сургалтаар олгохгүй, аль ч их дээд сургууль, мастерын сургалтаар заахгүй тийм үнэн мэдлэг, ариун сайхан сургаалыг түгээж байдаг билээ. Эгэл нэгэн эцэг, дөрвөн хүүгийн аавын үрээ гэсэн сэтгэл, амьдралаас олсон үнэн нэвт шингэсэн энэхүү захидлуудыг бид яг ийм үндэслэл, шалтгаанаар шинэ үеийнхэндээ толилуулж байна.
