Системийн туйлдал ба рефорт
Системийн туйлдал ба рефорт
Боловсрол, шинжлэх ухааны сайдын ажлаа өгсний дараахан Нэпко хэвлэлийн газраас “Нэлээд нягтралтай цаг хугацаа өнгөрлөө, бичих гэж үзээч” гэсэн санал тавьж, миний хань энэ саналыг дэмжсэнээр итгэл төрсөн ч тухайн үедээ ажил ихтэй гүйж явсаар цаг алдсан тал бий. Харин сул гишүүн болсон, зуны дэлгэр цаг ч ирснийг далимдуулж босон суун жаахан юм амжуулав. Залуугийнх шигээ сүйдтэй тэмдэглэл хөтлөхөө больсон ч өөртөө сануулж, хэдэн мөр бичиглэсэн олон жижиг дэвтэр байна. Тэрийгээ сэргээн сийрүүлсээр байтал нээрээ ч номын дайтай зузаараад ирж байна. Харин өөр өөр цаг, нөхцөлд бичигдсээр байсан тул бүлгүүд өнгө аясаараа жаахан ялгаатай болох шиг боллоо. Ямартай ч нуль ажил хэрэгч үгсээр дүүргэхээс л зайлсхийв. Ингээд энэ ном, угтаа “зузаахан тэмдэглэл” маань мэндлэв. Хашсан албаны маань талаар элдэв яриа мэтгээн гарвал сөхөөд харах баримжаа ч болог. СИСТЕМИЙН ТУЙЛДАЛ ба РЕФОРМ Ажлын ой санамж гэдэг зүйл ажлаа өгсний дараа илүү цэгцтэй эргэн санагдах аж. Тийм болохоор энэ хэдэн хуудсыг дүүргэхэд тийм ч хэцүү байсангүй. Харин номын нэр гэдэг юман дээр ёстой гацлаа. Хүний сонирхол татсан, жаахан яруу нэртэй баймаар ч юм шиг. Ямартай ч номд “гарах” зүйлээ тал талаас нь бодов.
• Зуднаар муудсан үхэр өеөдчих гээд байдаг. Нэг л хэвтчихвэл тэгээд хэцүүднэ. Малчид маань үхрээ хэвтүүлэхгүй гэж, хэвтсэн бол даруй босгох гэж юутай их мэрийдэг билээ. Боловсролын систем маань үүнтэй төстэй болж ирсэн байж болох уу?
• Эсвэл ХХ зуунд угсрагдаж, тэр чигтээ цаг хугацааг
• Эсвэл ХХ зуунд угсрагдаж, тэр чигтээ цаг хугацааг туулсан орос машинтай ч ижил юм уу. Бариул эргүүлж цонх онгойлгодог, дов таарвал жигтэйхэн донсолдог, урд талд дуу орсныг зассан ч ард дугараад эхэлдэг, будаг нэмж элдэв лого наасан ч мотор, “хорооп” нь хэвээрээ пажигнаж, утаа хаяна.... Энэ мэтээр зүйрлэн бодож байтал ер нь л “эцэж туйлдсан” зүйлийн тухай гарч байна. Додомдож, дамжилж ирсэн гэлээ ч бүрэн засвар хийж амжаагүй систем. Цагийн механизм шиг яв цав ажиллахаа бага багаар больж, дэлхий ертөнцийн шинэчлэлийн давагдашгүй хүчин зүйлд бүдрэх болжээ. Систем эвдрээгүй. Гажуудсан гэхэд арай хатуудна. Харин “туйлдсан”. Эндээс номоо “Системийн туйлдал” гэж нэрлэх санаа төрөв. Яруу харагдахгүй байна л даа. Гэхдээ агуулгын маань хагасыг илэрхийлж дөнгөөд байх шиг. Тэгээд хийсэн бүхнээ нэмж, “реформ” гэдэг үг ард нь залгалаа. Бидний хийсэн x зүйлийг реформ гэдэгтэй санал нийлэхгүй ч байж болно. Гэхдээ бидэнд шинэчилж, бас өөрчилж чадсан олон зүйл бий. Агуулгыг илүү дэлгэрэнгүй харуулмаар санагдаж, repair required гэсэн үгийг жижгээр бичин залгахаар шийдэв. Монгол үг дутсан юм биш шүү. Энэ хоёр үгийг бараг хүн бүр хэзээ нэгтээ харж байсан байх. Доголдсон техникийн дэлгэц дээр гарч ирдэг “засах шаардлагатай” гэсэн утгатай сануулга. Нөгөө талаар англи үгнээс ч бид цэрвэх хэрэггүй гэсэн бодол маань зориг өглөө. Үүнийг бичих зууртаа “систем” болон “реформ” гэдэг үгүүдийг ч нэг тодруулмаар санагдав. Систем гэдэг нь өнөөдрийн дэлхийн шинжлэх ухааны эхлэл, философийн ухааныг үүсгэсэн эртний грекүүд анх хэрэглэсэн үг. Утга нь ч өөрчлөгдсөнгүй. Харин реформ нь “шинэчлэл, өөрчлөлт” гэдэг утгатай латин үг. Энэ хоёр үгийг дэлхийн бүх л улс хэрэглэж байна. Тиймээс энэ бол дэлхийн үг, нөгөө талаар монгол ч үг. Ийнхүү энэ номын гарчиг таван үгтэй бөгөөд гурав нь монгол, хоёр нь англи хэлний үгээс бүрдлээ. СИСТЕМИЙН ТУЙЛДАЛ ба ЗАСВАР - repair required. Үүргээ гүйцэтгэсээр ирсэн боловч эцэж цуцан удааширсан, зам нь бүдгэрсэн боловсролын системийг шинэчилж залруулах гэсэн бидний оролдлого, чармайлт, хүрсэн амжилт, өрсөн эхлэлүүдээ энэ номд бичиж үлдээхийг зорив.
