Шударга ёсны хордлого
“Шударга ёсны хордлого” бол Японы тархи судлаач Накано Нобүкогийн бичсэн, орчин үеийн нийгмийн сэтгэлзүйн нэгэн эмзэг үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан бүтээл юм.
Хүн бусдын оршихуй болоод “буруу”, “шударга бус” үйлдлийг буруутгах, яллаж шийтгэх үедээ таашаал мэдэрдэг мөн чанартай бөгөөд энэ нь бүр донтолт болон хувирч болзошгүй. Зохиогчийн тайлбарласнаар, энэ нь хүний тархины бүтэцтэй холбоотой тул хэн ч “шударга ёсны дон”-д автаж болно.Ковидын үеэр халдвар авсан нэгнийг нийтээрээ гадуурхах үзэгдэл ийм дон хэрхэн илэрч болохыг харуулсан тод жишээ юм. Сошиал медиа өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон өнөө цагт энэ дон улам газар авч, хүмүүс өөрийн байр суурийг туйлшруулан хамгаалж, “миний зөв, би л шударга” гэсэн хандлагад гүн автдаг. Өөрөөр хэлбэл сошиал медиа шударга ёсонд донтогсдын хувьд хямд төсөр хэрэгсэл болж хувирчээ. Хамгийн аюултай нь, хөнгөнөөр бичсэн нэг л коммент бусдын сэтгэлд гүн шарх үлдээж, нөхөж баршгүй хор уршиг дагуулж мэднэ.
Энэхүү ном нь асуудлыг тайлбарлаад зогсохгүй “шударга ёсны дон” гэх нэр томьёог гаргаж ирэн нийгэмд шинэ өнцөг, шинэ ойлголт дэвшүүлснээрээ онцгой бүтээл юм. Энгийн, ойлгомжтой үгээр бичигдсэн энэ ном уур хилэн, үзэн ядалтын гинжнээс ангижирч, өөрийгөө ч, өрөөл бусдыг ч хордуулахгүйгээр тайван амьдрахыг хүссэн хэн бүхний зайлшгүй унших бүтээл юм.