Хүн хүнээ бүтээдэг
Сэтгэлийн шарх хүнийг гэмтээгээд зогсохгүй мөн чанарыг нь эвдэн асуудалтай хүмүүсийг үйлдвэрлэж, асуудалтай хүмүүс өөрийн шархыг эдгээх тосоо бусдын шархнаас гаргаж авахаар зовлон үйлдвэрлэнэ. Ингээд санаанд оромгүй хүнээс санаанд багтамгүй үйлдэл гарч, огт бодоогүй нөхцөлд төсөөлөөгүй зүйл тохиолддог. Зовлонд унасан хүн үгүйсгэж чадахгүй үнэн, арилгаж боломгүй цөхрөл, тийм гэж тодорхойлох аргагүй гашууныг мэдэрнэ. Сэтгэлийн шархны улмаас салах ёсгүй гэр бүл салж, гэрлэх ёстой хосууд төөрч, найзууддаа хаягдаж, хамтрагчтайгаа талцаж, хүрч болох хүсэл тэмүүллээ орхиж, хүртэж болох боломжуудаа алдсаар... Учир нь сэтгэлийн гэмтэл далд ухамсарт шингэснээр эргээд хувь тавиланг сөргөөр өөрчилдөг нь гашуун үнэн.
Гарт чинь буй ном бол “ӨӨРИЙГӨӨ БОЛОН АМЬДРАЛАА ХАЙРЛАХ” аяллын тийз билээ... Тиймээс энэхүү ном ойлгомжгүй олон асуудлын шалтгааныг нээж өөрийгөө эдгээхэд тань тусална.
