Монгол ардын уртын дууны туурвил зүй, гоо сайхан

Монгол ардын уртын дууны туурвил зүй, гоо сайхан
Монгол үндэстний бүтээсэн давтагдашгүй онцлог арвин баян утга билгийн нэг эрхэмсэг бөгөөд хамгийн нийтлэг хамгийн түгээмэл туурвил нь уртын дууны урлаг юм. Уртын дуунд монгол туургатан Монгол орон өөрийгөө 'Би монгол хүн' гэж омогшигч хэн бүхний хамаг түүх хүслэн тэмүүлэл итгэл сүслэл нэг үгээр хэлэхэд оюун санаа зориг бахархлын ертөнцийг түмэн өнгө мянган сацралт аялгуугаар дуурсган илтгэжээ. Үүгээрээ уртын дуу хуур нь монгол хүний зүрхний бичлэг сэтгэлийн толь хувь заяаны дэнсэн дээр амь золин тэмцсэн хэдэн мянган жилийн баатарлаг тэмцэл Нэгдсэн их монгол улсаа цогцлоон байгуулж явсан гарамгай үйлстний Их товчоон болон сүндэрлэн байна.