Хийморь 13
Монголчууд бид тэнгэр заяатай, босоо хийморьтой ард түмэн. Олон зууны тэртээ Монгол хэмээх нэрийг дэлхийн дайтад дуурсгаж, хүчирхэг эзэнт гүрнийг цогцлоон босгосон, хийморлиг дээдийн буян заяа тэгш цогцолсон агуу эцэг өвгөд минь бидний бахархал билээ. Эрхэм номт мэргэн өвгөд дээдсүүд маань олон үндэстнийг нэгтгэн байлдан дагуулахдаа тэдгээр улс орны шашин, ёс заншлыг судлан, танин мэдэж, өөрсдийн язгуур шүтлэг уламжлалыг улам бүр төгөлдөржүүлэн хөгжүүлж ирсэн түүхтэй. Харин өнөөгийн бид хөгшин залуу гэлтгүй ном сургаалаа умартсанаас болж ёс заншил, эцэг өвгөдийн ариун нандин номлолыг мартахад хүрсэн. Үүний нэг жишээ нь: Бид өөрсдийн хийморь лундаагаа хэрхэн сэргээх, хэрхэн хийморь бат орших, ямар, ямар шалтгаанаас болж хүний хийморь доройтдог, хийморио сэргээх заслын ном судар байдаг эсэх талаар цэгцтэй мэдлэг байхгүй нь нууц биш. Аливаа хүмүн сайн сайхан амьдрахыг л хүсдэг. Ямар ч хүн ядуу зүдүү, гундуу байхыг хүсдэггүй. Гэвч төдийлэн санасан шигээ амьдарч чаддаггүй. Энэ нь хувь хүний хийморьтой шууд холбоотой байдаг. Хийморь босоо байваас аливаа хүний бие өвчингүй, амар амгалан, ажил үйлс бүтэмжтэй, санасан бүхэн номын ёсоор бүтэх нигууртай. Тиймийн тул Монгол хүн бүрийн хийморь босоо байж, аз жаргалтай, эрүүл энх, хийморьтой байхыг хүсч бурхан урлаач, буддын гүн ухаан судлаач Д.Ухаанзаяа хийморио номын дагуу зөв бадрааж, хийморийн тухай цэгцтэй ойлголт өгөхийг зорьж, Төвд, Монгол эх судруудыг номын нөхөр, буяны садангуудын хамт чадан ядан орчуулан эмхэтгэж та бүхэндээ өргөн барьж байна.