Ар халхын шилийн сайн эр "Ширмэн" Хоовон буюу хоовон хөх

Ар халхын шилийн сайн эр "Ширмэн" Хоовон буюу хоовон хөх
Тэртээ XIX зуунд Өмнийн их говьд домог болсон шилийн сайн эр Ширмэн Хоовонг Өмнөговь, Дундговийнхон өнөө болтол дурсан сангалзаж, элдэв адал явдал, домог түүхийг нь хүүрнэн өгүүлсээр байдаг. Бүхэл бүтэн хоёр зуун дамнаж ийнхүү ард түмний сэтгэлд мөнхөрсөн сайн эр тун ховор. Цагтаа Ширмэн Хоовон Ар халхын зургаан сайн эрийн нэгд тооцогдож Монгол даяар алдаршиж явсныг Ардын хуьсгалын партизан, зохиолч Жүгдэрийн Дамдин бичиж үлдээсэн байдаг. Учир нь Ширмэн Хоовон Манжийн дарангуйлал, Хятадын шунахай худалдаачдын эсрэг тэмцэж, тэндээс эрийн сайнаар олж авсан эд агуурс, мал ахуйгаа ядуу ардуудад тараан түгээж явсан болохоор ингэж нэрд гарч мандсан хэрэг. Тэр зөвхөн Ар Халхад төдийгүй Алшаа, Сөнөдийн зарим хөгшчүүл Ширмэн Хоовонгийн талаар дурсаж суудаг байна.