Хонгорхон Вера
Цэцэрлэгт нам гүм дулаахан байв. Цэцэгсийн үнэр анхилна. Таримал мандалд дэлбээлж амжаагүй атлаа энд харин нарангарвуу, хумбан саргай, намуу цэцэг бүгд цэцэглэжээ. Мод бутны завсраар зөөлөн цагаан манан суусан нь сарны туяанд нэвт гэрэлтээд нэг л ер бусын өнгө үзэмжийг цогцлуулан байх аж. Энэ бүхний дундаас манан хэрхэн сэмэрч, хэсэг бусгаар тасран, бут сөөг дамжин хий үзэгдэл мэт чимээгүйхэн цуван хөвж байсан тэр бүр Огневын санаанд баттай үлджээ. Цэцэрлэгийн эгц дээр, тэртээ алсад сар мэлтийж, түүний доогуур сэмжин цагаан манан бидэртэн, алс дорно зүгт хаа нэг тийш нүүж байлаа...