Бидний доторх чөтгөр
Бидний доторх чөтгөр романы үйл явдал Истанбул хотод өрнөх агаад романтик хайрын түүх мэт сэтгэгдэл төрүүлнэ. Залуу хүмүүсийн романтик хайр, гэрлэлтийн асуудал Сабахаттин Алигийн нөгөө хоёр романы хувьд ч мөн л чухал сэдэв болдог.
Уг романы гол дүр их сургуулийн философийн ангийн оюутан Өмэр хотын нийтийн тээврийн усан онгоцонд арван долоо, найман насны Мажидэ бүсгүйг анх харж “Ертөнцөд мэндлэхээсээ өмнө, тэр бүү хэл хорвоо ертөнц, дэлхий гараг бүрэлдэн тогтох мөчид таньдаг байсан мэт санагдсанаар” түүн рүү очиж, яриа өдөхийг зориглон, улмаар тэдний хайр дурлалын адал явдал эхэлнэ. Тус роман улс төрийн утга агуулгаараа үндсэрхэг үзэлтнүүдийн дургүйцлийг ихэд хүргэж байжээ. Түүнчлэн уг зохиол Сабахаттин Алигийн хамгийн урт роман бөгөөд хамарсан сэдвийн хувьд ч нөгөө хоёроосоо хавьгүй өргөн. Олон дүртэй энэхүү романы бүтэц тун сонирхолтой. Сэтгэлийн хүүрнэл, эргэцүүлэл, урт монолог арвин агуулсан энэхүү роман зохиолчийн нөгөө хоёр романыг бодвол, уншихад яльгүй хүндэвтэрт тооцогдох ч монгол уншигчдад таалагдана хэмээн итгэж байна.