Давуу талдаа суурилан мэргэжлээ сонгохуй
Мэргэжил сонголтын чиглэлээр судалж, амьдралынхаа энэхүү чухал шийдвэрийг гаргах үе дээрээ байгаа хүүхэд залуустай хамтран ажилласан туршлага маань өнөөдөр таны өмнө дэлгэн барьж байгаа энэ номыг илүү дотоод мөн чанар руу тань, хувь хүний онцлог руу тань хандан бэлтгэхийг залж чиглүүлсээр ирлээ. Мэргэжлээ хэрхэн сонгож амжилтанд хүрсэн тухай олон түүх уншсан байх. Нэгэн ижил санаа нь өөртөө байгаа давуу талдаа суурилсан шийдвэрүүд байсныг анзаарсан л байх. Энэ бол үнэхээр тийм. Өөртөө байгаа давуу талаа олж хар, түүндээ суурилан мэргэжлээ сонго. Мэргэжил сонгоно гэдэг бол зөвхөн хүслийн асуудал биш юм. Хүсэл чадвар хоёр тань уулзах тэр л цэг амжилтын суурь байдгийг амжилттай яваа хүн бүрийн түүх бидэнд өгүүлдэг. Тиймээс өөрийгөө таньж мэд. Танд ямар давуу тал байна вэ? Энэ давуу тал тань ямар мэргэжилтэй хослон нийцэх вэ? Ямар мэргэжлээр ажиллах суурь чадвар болох вэ? Энэ бол бидний шийдвэрээ гаргахаас өмнө бодох маш чухал сэдэв. Харин өөртөө байгаа энэхүү давуу тал, боломжуудаа олж харах боломжийг энэхүү жижиг гарын авлага танд бүрдүүлэх болно.
