Ном: Номын сангийн ертөнцөөр
'Ном бол цаг хугацааны давалгааг сөрөн хөвж яваа хөлөг онгоц бөгөөд өөрийн тээсэн үнэт ачааг нэг үеэс нөгөө үед нандигнан хүргэж байдаг юм' гэж Френсис Бэкон хэлсэн байдаг. Түүхийн урт удаан хугацаанд овог аймаг, хот улсууд дайн тулаан, нийгмийн үйл явцын нөлөөгөөр мөхөж үгүй болоход гагцхүү тэдний үлдээсэн ном бичгийн дурсгал нь хойч үедээ өвлөгдөн үлддэг ажээ. МЭӨ үеийн анхны соёл иргэншил бүхий олон хот улс мөхөн үгүй болж, тэдний бий болгосон бичиг ном, номын сангууд, соёл иргэншлийн түүхийг өгүүлсэн мэдээ мэдээлэл өнөөдөр бидний үе хүртэл уламжлагдан үлдэж тухайн үеийн орон улс, ард түмний түүх, соёл иргэншлийг өгүүлсээр байдаг. Уншигч танаа толилуулж буй энэхүү номонд дэлхийн анхны номууд, МЭӨ үеийн номын сангууд, дэлхийн тэргүүлэх номын сангууд, дэлхийн алдартай их сургуулиудын номын сан, Олон улсын номын сангийн холбоо IFLA, Номын олон улсын дугаар ISBN, номын олон улсын ангилал DDC, номын тэмдэг Ex-libris-ийн тухай, дэлхийн номын сангийн гайхамшигтай барилга байгууламж, дэлхийн алдартай номын дэлгүүрүүд, номонд зориулсан хөшөө дурсгал, номын музей, номын санг элдэв халдлагаас сэргийлж байсан зарим арга, номын сан халдлагад өртөж байсан тохиолдлууд, эртний гүн ухаантнууд тэдний онч мэргэн үг, сургаал, 'Нэвтэрхий толь'-ийн түүх, 'Британника' болон Монголын нэвтэрхий толиудын тухай өгүүлэх болно.