Чингис хаан, хямралыг давах ухаан
Өнөөгийн Монголын нийгэмд төдийгүй дэлхий дахинд "Хямрал" хэмээх нэр томьёо хамгийн өргөн хэрэглэдэг үг хэллэгийн нэг болоод байна. Тэгвэл Монголын хийгээд дэлхийн тавцан дээр өргөн далайцтай үйл ажиллагаа явуулж байсан Чингис хаан энэхүү "Хямрал" лугаа тулгараад ямар хариу үйлдэл үзүүлж, цаашлаад хямралаас хэрхэн гарч чаддаг байв гэдэг нь судлаач миний сонирхлыг ихэд татсаар ирсэн болно. Ингээд Чингис хааны тухай бичсэн ном бүтээлийг уншиж байхдаа Чингис гэдэг энэ их хүний хувьд хямралтай тулгарч, түүнийг даван туулах явцдаа ухаарч ойлгосон, хатуужиж туршлагажсан бүхэн нь түүнээс хойших мянган жилд нөлөөлсөн их хүн болгожээ гэсэн дүгнэлтэд хүрсэн билээ. Хямралтай тулгарсан үедээ гаргаж буй хариу үйлдэл, ялангуяа хямралыг өөртөө, улс үндэстэндээ илүү давуу байдал болгон ашиглаж чаддаг суу билэг нь сонирхлыг минь хамгийн ихээр татсан юм.