Монголын тамирчдын амжилтын товчоон

Монголын тамирчдын амжилтын товчоон
Биеийн тамир, спорт хэрхэн хөгжиж буйгаар нь тухайн орны хөгжлийг тодорхойлж болох юм. Гурван сая хүн амтай Монгол Улсын спортын түүх баяжин баяжсаар олимпийн аваргатай болж, мөнгө хүрэл медальтнууд олноор төрөн гарч байгаагаас гадна дэлхий, тивийн нэр хүндтэй тэмцээнүүдэд амжилттай оролцсоор өнөөг хүрчээ. Олимпийн алтан медалийг өнө мөнхөд мөрөөдөн, дэлхийн зулай цаст Эверест алс мэт санагдаж байсан цаг түүх болон үлдэж эзэн Чингисийн үр сад бахдам амжилтаараа цаг хугацааг түүчээлсээр... Тэрхүү түүхийг хойч үедээ бичиж үлдээх, сэргээн сануулах нь хамгийн чухал. Спорт сонирхогч Ё.Сугаррагчаагийн 'Монголын тамирчдын амжилтын товчоон' хэмээх номны хуудсыг сөхөхүйд Монгол хэмээх их айл XXI зууны 16 он хүртэл спортын талбарт гаргасан бахдам амжилтын жагсаалтыг хараад өөрийн эрхгүй омогшин бахархсан билээ. Ингэхдээ уг номыг зохиогч зүгээр ч нэг жагсаалт цувруулаад зогссонгүй, эртний амжилтыг өнөө үетэй нягт уялдаа холбоотой авч үзсэнээр барахгүй түүхэн үйл явдлуудыг оновчтой түүвэрлэн оруулсан нь өндөр ач холбогдпоо өгсөн байна.