Итгэлийн хурд
Итгэлийн хурд
Энэ дэлхийн хүн, баг хамт олон, гэр бүл, байгууллага, улс орон, эдийн засаг, соёл иргэншил бүрт түгээмэл байдаг ба хэрвээ байхгүй бол хамгийн хүчирхэг төр засаг, хамгийн амжилттай бизнес, хамгийн үсрэнгүй эдийн засаг, хамгийн нөлөө бүхий харилцаа, хамгийн сайн нөхөрлөл, агуу хүн, ариун хайрыг устгах чадвартай нэг хүчин зүйл бий. **ИТГЭЛИЙН ХУРДНААС ИЛҮҮ ХУРДАН ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ** _Хурд гэдэг... хүмүүс нэг нэгэндээ бүрэн итгэсэн үед л бий болдог._ * Эдвард Маршалл Иймээс итгэл бол бүхнийг өөрчлөгч нэг хүчин зүйл юм. Тэгээд ч өнөөгийн даяарчлагдсан нийгэмд итгэл бий болгох, бэхжүүлэх шиг цагаа олсон бас хэрэгцээтэй чадвар гэж үгүй. Таны хүсэл сонирхол ажил эсвэл амин хувийнхаа харилцааг сайжруулахад чиглэгдсэн байхаас үл хамаарч энэ чадвар таны амьдралыг бүхэлд нь өөрчлөх болно гэдгийг би танд амлаж байна. Энэхүү номын зорилго таныг итгэл бий болгох харах өнцөг, хэл яриа, үг үйлдэлтэй болгоход орших ба эдгээр гурван хүчин зүйлс нь эн тэнцүү чухал гэдгийг санаарай. Уг ном танд итгэл бий болгож, бэхжүүлэх чадвар ялангуяа энэ дэлхийн итгэл хүлээсэн манлайлагчдын мөрддөг 13 зан авирыг суулгаж өгнө. Та эдгээр зан авирт суралцах явцдаа буюу эдгээр зан авирыг мөрддөг болон мөрддөггүй хүмүүсийн ялгааг олж хараад итгэл бүхий тогтвортой харилцааг хэрхэн богино хугацаанд бий болгож болох өөрийн арга барилыг тодорхойлж чадна. Гэхдээ би хэл яриа, зан авираа өөрчлөх нь харах, хэлэх, хийх үйл явцад дутуугүй нөлөө үзүүлдэг гэдэгт итгэдэг. Жишээ нь хэн нэгэнд ажиллах нь тухайн хүний талаарх таны үзэл бодолд богино хугацаанд нөлөөлж, тухайн хүнийг үзэх үзэл тань өөрчлөгдөж болно. Үүнийг би _зан авирын өөрчлөлт_ гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл зан авирт гарах өөрчлөлт бидний ертөнцийг үзэх үзэлд шууд нөлөө үзүүлдэг. Түүнчлэн би _хэл ярианы өөрчлөлтөд_ итгэдэг. Аливаа зүйлийн талаар хэлж ярих аяс нь бидний харах, хийх үйлдэлд нөлөөлөөд зогсохгүй бидний талаарх бусдын бодлыг өөрчлөх шидтэй. ХАР “Парадигмийн өөрчлөлт', ХЭЛ “Хэл ярианы өөрчлөлт', ХИЙ “Зан авирын өөрчлөлт” Эдгээр гурван хүчин зүйлс нь хоорондоо харилцан хамаарал бүхий гэдэг нь илэрхий бөгөөд аль нэг хүчин зүйл нь өөрчлөгдөх аваас нөгөө хоёр нь дагаад өөрчлөгдөх нь дамжиггүй. Энэ шалтгааны улмаас _хар, хэл, хий_ гэсэн дээрх гурван хүчин зүйл дээр төвлөрөх болно. Өөрөөр хэлбэл итгэл бий болгох харах өнцөг төдийгүй хэл яриа, зан авирт бас суралцана. Энэ номын агуулгыг сайтар судлаасай гэж би танаас хүсэх байна. Хэцүү асуултуудыг асууж, асуудалтай шууд нүүр тулаарай. Би итгэл дээр төвлөрч, дэлхий дахины олон зуун байгууллага, олон мянган хүмүүстэй харилцаж байсны хувьд энэхүү аргачлал, зарчмууд нь нийтлэг бөгөөд үр дүн бүхий гэдгийг туршлага дээр баталж чадсан. Иймээс хэрвээ та эдгээр зарчмуудыг өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх аваас үр дүнг нь шууд мэдрэх болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Та өөрийн ур чадвараа нэмэгдүүлээд зогсохгүй, итгэлтэй, тогтвортой харилцааг үүсгэх болно. Мөн танд олон боломж үүд хаалгаа нээж, нэр нөлөө тань өсөн нэмэгдэх нь дамжиггүй. Таны ажил амьдралд эрс өөрчлөлт авчрах итгэлийг бий болгох, бэхжүүлэх сэргээх, хүлээлгэх чадварыг та бүрэн эзэмших болно.
