Сэр-Од Осорын
Осорын Сэр-Од нь 1957 онд Улаанбаатар хотноо төрж, 1980 онд МУИС-ийг математикч, математикийн багш мэргэжлээр төгссөн. 1980-1989 онд Дархан хотын Барилгын техникумд багш, 1990-1991 онд Нийслэлийн 31 дүгээр сургуульд багш, 1992 оноос БЗД-ийн 84 дүгээр сургуульд багшаар ажиллан нийтдээ улсад 35 жил зөвхөн боловсролын салбарт ажиллаж байна. Сургуульд ажиллах бүхий л хугацаандаа Математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг амжилттай удирдан явуулж 1993, 1996, 2002, 2008, 2014 онд гүнзгийрүүлсэн сургалттай ангиудыг төгсгөж шавь нар нь 100% улсын их, дээд сургуульд элсэн орсон. Тэрээр БЗД-ийн Багш нарын математикийн олимпиадад амжилттай оролцож эхний байруудад удаа дараа шалгарч байсан, УМО-д 2 удаа шалгарч оролцсон. Математикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулахын зэрэгцээ Мэдээлэл зүйн хичээл зааж БНСУ-ын Дежон хотноо 2002 онд мэдээлэл харилцааны технологийг сургалтанд хэрэглэх багш нарын семинарт Улаанбаатар хотоос шалгарч оролцсон. БСШУ-ны сайдын тушаалаар байгуулагдсан ЕБС-ын 12 жилийн сургуулийн шилжилтийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах багт сонгогдон ажиллаж 7,8,9 дүгээр ангийн Мэдээлэл зүйн хичээлийн төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмжийг багийн гишүүдийн хамт боловсруулан хэвлүүлсэн бөгөөд багш нар одоо сургалтандаа бүтээлчээр ашиглаж байна. Багш О.Сэр-Од нь өөрийн арга туршлагаасаа бусдад хуваалцах зорилгоор Програмчлалын бодлогууд '2000 он', Математикийн мэргэжлийн курс 6-7'2003 он' гэсэн хоёр гарын авлага бичсэн нь багш нарын эрэлт хэрэгцээтэй ном болсон. Мөн БЗД-ийн ЕБС-ын 19 сургуульд амжилттай хэрэгжсэн Моби Тэмүүлэл хөтөлбөрийн 'Цахим сургалт' төслийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж НБГ-аар батлуулан ажилласан байна. Багш О.Сэр-Одын ажил хөдөлмөрийг үнэлэн 2001 онд 'Ардын Гэгээрлийн Тэргүүний Ажилтан' цол тэмдэг, 2006, 2012 онд 'Хөдөлмөрийн хүндэт медаль'-аар тус тус шагнажээ.