Данте Алигьери

Данте Алигьери 1265 оны 5 сарын хуучаар төрж, 56 наслаад 1321 онд таалал төгсжээ. Түүний амьдрал, үйл ажиллагаа, өмнө өгүүлсэнчлэн, Италийн нийгмийн ээдрээ, самуунтай, хүнд бэрх үед өрнөсөн аж. “Тэнгэрлэг туульс”-ыг бүтээхэд амьдралынхаа сүүлийн 14 жилийг зориулсан гэх. Өөрийн амьд­рал, тэмц­лийн хэцүү бэрх замын үүх түүхийг энэ зохиолдоо шингээсэн болохоор Данте өөрөө, толилуулан буй туульсын гол баатар мөн. Иймд “Тэнгэрлэг туульс” бол, “Би” баатартай зохиол юм.

Данте өөрийн угсаа гарвал, эцэг эх, сурвалж дээдсээ дэлгэрэнгүй танилцуулж, өссөн нутаг, Флоренц хотоо дахин дахин дурсаж, элгэн нутгийнхан, эх орныхоо хувь заяаны төлөө элгээ эмтлэн санааширч, үнэн шударга, эрх чөлөөт нийгэм цогцлоохын төлөө, нинжин нандин итгэл, хүсэл мөрөөдлөө зориулсаар явсныг “Тэнгэрлэг туульс”-аас болон өмнөх олон зохиол бүтээлүүд, тухайлбал, Итали хэлээр гарсан “НАЙР” хэмээх гүн ухааны найраглал, латин хэлээр гарсан “АРДЫН ХЭЛНИЙ ТУХАЙ” тайлбар толь бичиг, мөн ”ШИНЭ АМЬДРАЛ” хэмээх намтарчилсан тууж зэрэг олон арван эх сурвалж, зохиол бүтээлүүдээс нь мэдэж болно. Тэрээр хилс ялаас дүрвэн зугтаж, хязгаар зэлүүд нутагт амиа хаацайлж явсан хүнд хэцүү жилүүдэд алдарт “ТЭНГЭРЛЭГ ТУУЛЬС”-аа туурвисан юм санж.