Колинз Сүзаань

Америкийн зохиолч Сүзаань Колинз 1962 оны 8-р сарын 10-нд Коннектикут мужийн Хартфордод төржээ. Түүний эцэг нь Вьетнамын дайны үед АНУ-ын нисэх хүчний офицер байсан учир гэр бүлээрээ үргэлж шилжин суурьшдаг байсан гэдэг. Зохиолч бага насаа АНУ-ын зүүн хэсэгт өнгөрүүлсэн бөгөөд 1980 онд Бирминхам дахь Алабамагийн урлагийн сургуулийг Театрын урлагийн мэргэжлээр төгсжээ. 1985 онд Индианагийн Их Сургуулиас театр болон цахим харилцааны хос мэргэжлээр бакалаврын зэрэг хүртсэн ба Нью-Йоркийн их сургуульд драмын зохиол бичих чиглэлээр урлаг судлалын магистрын зэрэг хамгаалсан байна. Сүзаань зохиолч болох гараагаа 1991 оноос эхэлсэн бөгөөд хүүхдэд зориулсан олон төрлийн телевизийн шоуны зохиолыг бичсэн юм. Тэрээр нэгэн шоу нэвтрүүлэг бэлтгэж байхдаа хүүхдийн зохиолч Жеймс Проимостой танилцсан ба энэ үеэс хүүхдийн зохиол бичихээр сэтгэл шулууджээ. Ингээд Алиса гайхамшгийн оронд зохиолоос санаа авч 2003-2007 оны хооронд 'Газар доогуурх амьдралын түүх' хэмээх 5 цуврал ном бичжээ. 2008 онд Колинзыг нэр хүндийн алдарт хүргэсэн гурамсан романы эхний дэвтэр болох 'Өлсгөлөн тулаан' хэвлэгдсэн ба 2009 онд дэд дэвтэр нь болох 'Галаар наадагсад', 2010 онд төгсгөлийн дэвтэр нь болох 'Мокинжэй' тус тус хэвлэгдсэн юм. Эртний Грекийн домог болоод эцгийнхээ ажлын туршлага дээр тулгуурлан өлсгөлөн, ядуурал, дайны хор уршгийн талаарх өөрийн үзэл бодлоороо баяжуулан бичсэн түүний романууд 2014 оны байдлаар зөвхөн америкт 65 сая гаруй хувь борлогдож, 'Нью-Йорк Таймс' сониноос гаргадаг шилдэг борлуулалттай номын жагсаалтад 60-аас илүү долоо хоног дараалан орсон байдаг. Колинз 'Өлсгөлөн тулаан' романаараа өөрөө кино зохиол болгон бичсэн бөгөөд 2011 онд найруулагч Гэри Рос дэлгэцнээ амилуулжээ. Колинз 2010 онд Тайм сэтгүүлийн 'Дэлхийн нөлөө бүхий 100 хүмүүсийн жагсаалт'-д багтсан бөгөөд 2012 онд Амазон сайтаас зохиол нь киндл хэлбэрээр хамгийн их зарагдсан зохиолчоор шалгарсан байна. Мөн NPR радио станцын явуулсан сануулгаар өсвөр насныхны хамгийн шилдэг номын 2-рт жагсжээ.