Хүний хорвоо, Хулганын тавилан
Жорж, түүний гэнэн болчимгүй нөхөр Ленни хоёр бол энэ хорвоод зүрх сэтгэлдээ дүрслэн баясдаг хэтийн ганц мөрөөдөл хийгээд хоёр биенээсээ өөр орох орон, ойчих аяггүй хоосон тэнүүлчид билээ. Тэрхүү мөрөөдөл нь хойшид ирж буцах хоног өдрүүдийн нэгэнд тэд өөрсдийн гэсэн алга дарам газартай болж тэндээ суурьшин, үлдсэн амьдралдаа хэнийг ч царайчлалгүй амар жимэр аж төрөн амь зуух л гэсэн туйлын энгүүн сэжүүртэй юмсанж. Калифорн мужийн Салинасын хөндийд байх нэгэн эдлэнд ажил олсон мөнөөх хоёр найз маань хэн хэн нь хамтдаа энэхүү мөрөөдөлдөө дөрөөлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө цуглуулахын тулд тэндээ аль болох удаан хугацаагаар тэсэж үлдэн ажиллах гэсэн найдварыг эрэлхийлнэ. Гэвч төрөлхийн өрөвч зөөлөн сэтгэл, балчир хүүхдийн сэтгэхүйтэй Леннид өөрийн сэтгэл хөдлөл болоод биедээ заяасан эмхгүй их хүч чадлыг хэрэгтэй цагт санаснаараа хазаарлан барих ухаан дутмагийн уршгаар тэрбээр савс л хийвэл бусдын башир доромжлолын бай болж өөрийн мэдэлгүй элдэв хэрэг төвөгт орооцолдох нь олонтоо. Тийнхүү "олон хавар нэгэндээ" гэгчээр гай гамшиг ахин тулгарах мөчид Жорж анд нөхрийгөө аварч чадахгүйд хүрнэ...
"Хүний хорвоо хулганын тавилан" хэмээх энэхүү бэсрэг романд гансарч ганцаардсан, үгээгүйчүүдийн тухай сэтгэл өвдөм гунигт түүхийг зохиолыг уншсан хэн бүхний зүрхийг шимширтэл туйлын үнэмшилтэйгээр өгүүлдэг бөгөөд Нобелийн болоод Пулицерийн шагналт, 20 дугаар зууны америкийн нэрт зохиолч Жонн Стейнбекийн хамгийн алдартай бөгөөд дэлхий дахинаар түгээмэл уншигдсан бүтээлүүдийн нэг юм.