Зүрхний цахилгаан бичлэгийг эмнэлзүйд хэрэглэх
Манай улсад өвчлөл, нас баралтын түвшингээр тэргүүлэх байр суурийг эзэлж байгаа зүрхний шигдээс, титэм судасны архаг ишеми өвчин, хэм алдагдал зэрэг зүрх судасны эмгэгүүдийг оношилдог зүрхний цахилгаан бичлэгийн арга нь хамгийн энгийн, өртөг багатай бөгөөд үнэ цэнэтэй арга хэвээр байгаа билээ.
Орчин үед тайван үеийн зүрхний цахилгаан бичлэгээс улбаатай Холтерийн мониторинг, зүрхний ачаалалтай бичлэг, зүрхний электрофизиологийн шинжилгээ гэсэн оношилгооны шинэ аргууд манай эмнэлгийн практикт нэвтэрч байгаа нь энэ талаарх бидний мэдлэгийг гүнзгийрүүлэх шаардлага хэрэгцээг бий болгож байна.
14 бүлэг бүхий 250 гаруй хуудастай энэхүү бүтээл нь зүрхний цахилгаан бичлэгийн оношилгооны аргын тухай шинжлэх ухааны онолын үндэслэлтэй дэлгэрэнгүй өгүүлснээс гадна Холтерийн мониторинг, зүрхний ачаалалтай бичлэг, зүрхний электрофизизиологийн шинжилгээ, шинэ үеийн пейсмейкер, кардиоверси, абляци эмчилгээний талаарх суурь ойлголтуудыг оруулж өгснөөрөө шинэлэг бөгөөд бусад бүтээлээс давуу талтай болсон.
Тус ном нь урьд нь “Эмнэлзүйн зүрхний цахилгаан бичлэг” нэртэйгээр хэвлэгдэн гарч байсан бөгөөд шинэ орчин үеийн оношлогоо, эмчилгээний талаар нэмж оруулснаараа өмнөх бүтээлээс илүү дэлгэрэнгүй сайн бүтээл болсон.
“Зүрхний цахилгаан бичлэгийг эмнэлзүйд хэрэглэх” ном нь өрхийн, дотрын, зүрх судасны, яаралтай тусламжийн, резидент эмч, оюутан нарт чухал хэрэгцээтэй гарын авлага болно гэдэгт итгэлтэй байна.