Эрийн гурван наадам 1909-1921 он
Энэхүү номыг Улсын түүхийн төв архивд хадгалагдаж байгаа түүхийн шарласан мянга мянган хуудас данс бичгийг олон жил уйгагүй шүүж, олж цуглуулсан материалдаа түшиглэн Манжийн үеийн хэвт ёсны төр (1909 - 1911) мөн Олноо өргөгдсөний (1911 - 1921) төрийн томоохон наадмын нэг уул тайлга, мөн Богдын Даншиг (Бат-Оршил) наадмуудын бөхийн барилдаан, сурын харвааг дэлгэрэнгүй өгүүлэхдээ тэрхүү наадамд холбогдох түүхийн баримт, тодруулга, судалгаа тайлбаруудыг оруулж бичив. (Энэ хугацаанд морь уралдаагүй.)
"Эрийн гурван наадам" цуврал номын тавдугаар дэвтэр 1996 онд Өнгөт хэвлэлийн газраас хэвлэгдэхдээ хоёр бүлэг (тэргүүн бүлэг "Хэвт ёсны төрийн наадам" болон дэд бүлэг "Олноо өргөгдсөний төрийн наадам") нь монгол бичгээр, гутгаар бүлэг болох дээрх хоёр төрийн үед барилдсан 85 бөхийн барилдааны хураангуй кирилл үсгээр хэвлэгдсэн билээ.