Улаан сахиус
'Улаан сахиус' хэмээн нэрийдсэн энэ зохиолын бичлэгийн хэв маяг нь өвөрмөцдүү, хүүрнэл зохиолын том хэмжээний төрөл чиглэлийн хэв загварыг баримжаалсан авч хууч яриа, намтарчилсан хүүрнэл, хувь хүний энгүүн бодол, сэтгэгдлийн өнгө аяс хүртэл холилдон сүлэлджээ. Зохиолын баатар Батхүү, Должин, халзан гэгдэх Дорж, луу гэгдэх Цэрэн, Сэд, Нансал, Гонгор, Дандан, Ичинхүү, Данзан, Янжин, Галжав эмгэн, Жэнжээ өвгөн, Лочин, Загд нарын амьдрал, аж төрөл, хувь заяаны ээдрээ зангилаа, сэтгэлийн хүүрнэлийг тольдоход, хуучнаар Засагт хан аймгийн Дархан бээлийн хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг сумын ард олны 1958-1988 оны үед буюу нэгдэл нийгмийн эхлэл, өрнөлийн цаг дахь нэгээхэн дүр зураг харагдах агаад түүнтэй зэрэгцүүлэн соёлын довтолгоон тухайн цаг үеийн нийгэм нийтлэгийн өнгө аяс басхүү нүүдэлч зоны уламжлалт соёлын өв дурсгал, нарийн нандин зүйлүүдийн талаар хүүрнэн өгүүлснээрээ энэ зохиол эрхгүй сонирхол татам хойч үеийнхэнд мэдүүштэй зүйлүүдээр баялаг юм.