Хоёр аранга (2)
"Хоёр аранга" бол Ж.Р.Р.Толкины XX зууны уран сэтгэмжийн сод бүтээл "Бөгжний эзэн" цувралын дэд дэвтэр бөгөөд “Бөгжний барилдлага” тэргүүн дэвтрийн үргэлжлэл юм.
Эхний дэвтэр уншигч биднийг Тонж бэлзгийг Үйлийн гавт аваачин устгах чухал үүргийг хүлээсэн бөгжний барилдлагын гишүүдтэй танилцуулдаг. Санаанд оромгүй аяллын түүх, айдас, эр зоригийн эн тэнцүү хүч бяцхан хоббитуудын дотор хэрхэн хуралдаж, аюултай замаас чөлөөлөн амар тайванд хүргэх анд нөхөд ямагт итгэл найдварын гэгээ болон тосдог болохыг тус номоос уншсан билээ. Харин дэд дэвтэрт нөхөрлөл, үнэнч шударга зангаараа холбогдож хүнд хэцүүг туулах даалгавар хүлээн авсан бөгжний барилдлага дийлдэшгүй, бузар муутай нүүрэлдсэнээр тарж бутран гишүүн тус бүр өөрсдийн туулах ёстой сорилт, бэрхшээлтэй тулгарна. “Хоёр аранга” нь өмнөх номын төгсгөлөөс шууд үргэлжилж, хоёр талд өрнөх түүхийг хүүрнэдэг. Арагорн, Леголас, Гимли нар Роханы уудам талаар олзлогдсон нөхдөө хайн цуцаж унатлаа нэхэн бэдрэх бол, Фродо, Сэм хоёр амь насаа дэнчин тавьж алхам тутамд аюулын салхи өөдөөс нь үлээх Мордорын газар нутаг руу нэвтрэхээр оролддог. Дайснаас ирэх аюул занал урьд хожид байгаагүйгээр нэмэгдэж, Дундад газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжгэнэнэ.