Монголын угсаатны зүйн хээрийн судалгаа (0)
Д.Тангад бол 1976-2003 онд ШУА-ийн түүхийн хүрээлэнд ажиллаж байсан ба үүний зэрэгцээ 1990-2009 онд хувиараа угсаатны зүйн судалгаагаа өргөжүүлсэн, 2010 оноос СУИС-ийн Соёл иргэншлийн сургуульд монголын угсаатны зүйн багшаар ажиллахын сацуу, Польшийн Варшавын их сургуулийн Угсаатны зүйн тэнхимийн эрдэмтэн багш нартай хээрийн судалгаагаа хийсээр байгаа манай ахмад үеийн цөөхөн, яах аргагүй гарын таван хуруунд багтан тоологдох судлаачдын нэг юм. Энэ удаад Д.Тангад олон арван жилийн турш монголчуудынхаа дунд аялж, шижирлэн цуглуулсан хээрийн шинжилгээний бүх эх хэрэглэгдэхүүнээ тайлан хэлбэрээр гурван дэвтрээ хэвлүүлж уншигч, судлаач нартаа өргөн барьж байна. Түүний цуглуулсан арвин эх хэрэглэгдэхүүнийг Монголчууд, тэдгээрийн нүүдлийн соёл иргэншлийн уламжлалт амьдралын тогтолцооны нарны цацраг мэт олон өнцгийг хамарсан нэг ёсны 'цогц мэдээллийн сан' хэмээн үзэхэд нэг их ташаарал болохгүй биз ээ.