Зам мөр - Жам ёс, Нирваан (12-13)
Зам мөр - жам ёс - Энэ номонд Буддагийн сургаалын үндсэн агуулгыг багтаажээ. Тухайлбал урсгалд орогч, эргэн ирэгч, эргэлтгүй одогч, архадын хутаг хэмээх гэгээрлийн дөрвөн үе шат: арван цагаан буян, арван хар нүгэл зэрэг үйлийн үрийн ухагдахуун: зөв үзэл, зөв эрмэлзлэл, зөв үг хэл, зөв ёс суртахуун, зөв аж төрөл, зөв чармайлт, зөв анхаарал, зөв самади зэрэг найман гишүүнт зам мөрийг тайлбарлажээ. Буддагийн зам мөр бол сэтгэхүйн хийсвэр загварчлал биш, харин оршихуйн жам ёсыг гүн гүнзгий ухаарч, түүнд аясан зохилдохуй гэдгийг тод томруун харуулсан байна.
Нирваан - Уламжлалт судрын хэлнээ "эрдэнэт хүмүүний чөлөө учрал" гэж өгүүлдэг гэгээрэх боломж бүрдсэн хүн заяаны нандин учрыг энэ номонд тайлбарлажээ. Түүнчлэн бодисадвагийн арван газар, арван барамид зэрэг оюун санааны хөгжин дэвших шатуудыг ч энгүүн үгээр тайлсан байна. Бурхан, Бодисадва нар угтаа хүний мөн чанарын бэлгэ тэмдэг, дотоод цэцэглэлийн илэрхийлэл учраас Бурханы ном хүний амьдралаас хол хөндий байх учиргүй билээ.