Монгол ардын ерөөл,магтаал (0)
Орчин үед аман зохиолын төрлүүдээс ерөөл, магтаал нь харьцангуй амьд уламжлалаа хадгалж буй, хүний амьдрал ахуйд шинэ зүйлс нэвтэрч, шинэ мэдлэг ухагдахуун ихээр гарч байгаатай уялдан сэдэв агуулга нь улам бүр баяжиж байна. Эрт, эдүгээгийн уламжлал шинэчлэлийн холбоонд оршиж буй ерөөл, магтаал бол орчин цагт чухлаар тавигдаж буй нийгмийг сайн сайхан болгох, хүмүүсийн харилцаанд эелдэг дулаан уур амьсгалыг хэвшүүлэх асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй юм. Ерөөл магтаал, түүнийг амьдрал ахуйдаа хэрэглэх монголчуудын заншил бол мартан гээж үл болох хамгийн эрхэм нандин зүйл бөгөөд энэ заншилд хүн хүнээ хүндэтгэх ёсны гүн утга учир агуулагдаж буйг үргэлж санах учиртай. Учир иймээс энэхүү бүтээлд аливаа тохиолдолд хэрэг болохуйц эртний болон орчин цагийн ерөөл, магтаалаас дээжлэн авч, сэдэв агуулгаар нь ангилан оруулжээ.