Ээжээ би таныг сонсож байна (5)
Эхийн хэвлий дэх урагт боловсрол олгож, энэ талаар програм бэлтгэдэг Др.Монрикийн маш өргөн хүрээтэй туршилтад хамрагдсан нэгэн эх сэтгэгдлээ ийнхүү хуваалцаж байлаа: “Эх хүний үрдээ өгөх анхны бөгөөд хамгийн сайхан бэлэг бол түүнийг хэвлийд байхад нь хүмүүжүүлэх явдал юм байна.” Үнэхээр энэ програмд оролцсон ямар ч эцэг эх түүнтэй санал нэг байх болов уу. Ихэнх эцэг эх үрийнхээ төлөө бүхий л амьдрал, зүрх сэтгэлээ зориулж, түүний төлөө хөдөлмөрлөж, итгэл найдвар тавьж, хамгийн сайн сайхан бүхнийг олж амтлуулахыг хичээдэг боловч хүүхдийн боловсрол эхийн хэвлийгээс эхэлдгийг тэр болгон мэддэггүй.
