Бурханы номын цоморлиг
Эл товхимолд тарни, судар, сахиусны аймгаас гадна тахих, залбирах, эрхи эргүүлэх ёс тэргүүтний учрыг эх бүтээлээс нь ишлэн товч, тодорхой өгүүлэхийн сацуу 'Заслын найман ном', тэдгээрийг төвд эхтэй нь авиан галигт хөрвүүлсэн байна. Мөн тахил өргөх, залбирах, мөргөхийн чухлыг цухас дурдаж, эрхиний учир болон түүнийг эргүүлэн, маань тоолохын тус эрдмийг мэргэдийн айлдвараас дээжлэн авч оруулжээ. Тарнийг төвд үсгээр талбисан эхтэй нь цуг кирилл үсгээр авиан галигт хөрвүүлэхдээ тарни дуудах ёсны дээдийн бүтээлд номлосныг нь баримталж, тухайлбал, наад зах нь та бидний Ум гэдгийг Оом, суухаа гэдгийг соваахаа, хум гэдгийг хүүн гэх мэтээр бичсэн нь хачин санагдаж болох ч зүй нь ингэж дуудвал авианы долгиолог чанартаа нийцэж бие, хэл, сэтгэлд зөв шингэн, өлзий болох учиртай.